Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Дорнодод тоглоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДДорнод /МОНЦАМЭ/. “Улсын драмын эрдмийн театрын өдрүүд” энэ сарын 21-23-нд Дорнод аймгийн Чойбалсан хотод болно.
Тус театрынхан хавар цагийн аялан тоглолтоо наран ургах хязгаар нутгаас эхэлж байгаа нь учиртай. Зах зээлийн эрэлт хэрэгцээ, хүн амын суурьшил, нягтаршил, хүртээмж зэргийг харгалзан үзжээ.
Энэ удаагийн аялан тоглолтод театрын ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл болсон жүжигчид уран бүтээлчдээс гадна арын албаны гээд 50 орчим хүнтэй баг аялж байна. Тэд театрын өдрүүдээр У.Шекспир “Ромео Жульетта” сонгодог жүжиг, “Царцаа Намжил” хүүхдийн жүжгийг үзэгчиддээ өргөн барих гэнэ.
-Бид энэ өдрүүдэд зөвхөн уран бүтээлээ сонирхуулаад зогсохгүй үзэгч-уран бүтээлчдийн уулзалт ярилцлага зохиож, Чойбалсан хотын “Тусгаар тогтнолын талбай”-д нээлтээ хийснээр үзэгчид өөрсдийн хайрлаж хүндэлж явдаг уран бүтээлчтэй хамт зургаа татуулах, тэдний гарын үсгийг авах зэрэг боломжоор хангах юм. Аялан тоглолт гэдэг утгаараа манай театрынхан тухайн аймаг орны түүх соёл, байгалийн үзэсгэлэнт газартай танилцдаг уламжлалтай.
Манай театраас “Ромео Жульетта” сонгодог жүжгийн эрэлтийн судалгааг томоохон аймаг, хотын үзэгчдийн дунд явуулахад Дорнодынхон харьцангуй олон санал ирүүлсэн дүн гарсан. Иймд энэ удаад “Ромео Жульетта” жүжгээ сонирхуулах болно гэж УДЭТ-ын менежер Гэрэл ярив.
Д.Дэлгэрмаа