“Гэр бүл бидний орчинд” сэдэвт өдөрлөг болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДДорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн төв дэх хилийн 0132 дугаар ангиас “Гэр бүл бидний орчинд” сэдэвт өдөрлөг зохиолоо.
Эр цэргээ хайрлана гэдэг эх орноо хайрлахтай адил гэсэн үг бий. Тэр тусмаа хилд алба хааж байгаа офицер ахлагчдын ажил албаны онцлогийг ар гэрийн гишүүд нь сайтар ойлгож мэдэрч байж алба үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх нэг сэжим болдог ч гэж хэлж болно. Иймээс отрядын төвд ажилладаг офицер ахлагчдынхаа гэргий нарыг урьж, анги байгууллагынхаа алба үйл ажиллагаа, эр нөхрүүдийнх нь өдөр тутамдаа хийж гүйцэтгэдэг ажлын онцлогийг танилцуулсан юм. Тэд нөхрүүдийнхээ ажлын байранд хамтран ажиллахын зэрэгцээ, өдрийн хоол, бэлтгэл сургуулилт гээд өдөр тутмын ажилтай нь танилцсан. Өдөрлөгт 20 гаруй төлөөлөл оролцов. Энэ ажлыг цаашид уламжлал болгож, тогтмол явуулж байхаар төлөвлөж байна гэж тус ангийн удирдлага хэллээ.
Дашрамд дуулгахад, энэ онд тус отрядын түүхт 80 жилийн ой тохионо. Ирэх 8-р сард Орос, Монгол, Хятад гурван улсын хамтарсан хээрийн сургууль болох юм. Энэ үеэр гурван улсын 200 гаруй цэргийн алба хаагч цугларан сургуулилт хийнэ.
Д.Дэлгэрмаа