Ойжуулсан 350 га талбайг шилжүүлэн өглөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь /МОНЦАМЭ/ Монгол, Солонгосын хамтарсан "Ногоон хэрэм" төслөөс ойжуулсан 350 га талбайг Өмнөговь аймагт шилжүүлэн өглөө.
Уг "Ногоон хэрэм" төсөл 2007 оноос өнөөдрийг хүртэл тус аймгийн нутагт үр дүнтэй хэрэгжиж ирсэн билээ. Аймгийн хэмжээнд нийт 1950 га талбайг тус төслийнхөн ойжуулсан байна. Хоёр тал цаашид ойн зурвасыг арчилж хамгаалахад хамтран ажиллах гэрээг байгууллаа. Гэрээнд заасны дагуу энэ жил 350 га талбайг арчилж хамгаалах эрхийг Өмнөговьчуудад шилжүүлсэн байна.
Ирэх жилүүдэд ойжуулах ажлыг хийхгүй бөгөөд ойжуулсан талбайг хамгаалах, арчлах ажлуудыг хийх ажээ. Мөн жил бүр тодорхой хэмжээний талбайг хүлээлгэн өгснөөр ойжуулсан 1950 га талбайг тус аймагт шилжүүлэхээр гэрээнд гарын үсэг зурсан байна.
Олон жилийн хөдөлмөр, хөрөнгө шингэсэн уг бүтээн байгуулалтыг арчилж хамгаалах хариуцлага өндөртэй үүрэг Өмнөговьчуудад ийнхүү ирлээ.
Д.Мишигсүрэн