“Монгол айргийн гайхамшиг” баяр 9 дүгээр сард болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-04-08 21:57:24

Дундговь/МОНЦАМЭ/ Ирэх зун Дундговь аймагт нэрт соён гэгээрүүлэгч Зава Дамдины мэндэлсэний 150 жилийн ойд зориулсан баяр наадам болно. Энэ бол жуулчдын сонирхох үйл ажиллагаа гэдэг үүднээс саяхан Улаанбаатар хотод болж өнгөрсөн аялал жуулчлалын үзэсгэлэн яармагт танилцуулсан байна. Үүнээс гадна 9 дүгээр сарын 5- нд Сайхан-Овоо суманд “Монгол айргийн гайхамшиг” уламжлалт баяр товлогджээ.

Тус аймгийн нутаг дэвсгэрт жуулчны 14 бааз үйл ажиллагаа явуулдаг. Тэд энэ жил жуулчин хүлээн авахаар 20- 50 тур оператортай гэрээ байгуулсан байна. Жуулчны баазуудад саатаж, Дундговийн байгалийн үзэсгэлэнт газрыг сонирхох гадаадын жуулчдын тоо сүүлийн 5 жилд тогтмол өссөн. Өнгөрсөн онд л гэхэд 7800 гаруй гадаадын жуулчин саатсан нь урьд оныхтой харьцуулахад 48 хувиар өссөн үзүүлэлт болжээ.

Гадаадын жуулчдад зориулсэн эвент үйл ажиллагаа Дундговьд тийм ч олон биш. “Монгол айргийн гайхамшиг” баярыг анх 2005 онд зохион байгуулж байсан нь л өдгөө хүртэл уламжлагдаж байгаа юм.

Харин аялал жуулчлалын салбар бол Дундговь аймгийн хувьд эдийн засгаа өсгөх, ажлын байр бий болгох, жижиг, дунд үйлдвэрлэлээ дагалдуулан хөгжүүлэх чухал салбар гэж үзэж аймгийн Засаг даргын 2020 он хүртэл хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт хэд хэдэн ажлыг  тусгасан байна. Тухайлбал, өнгөрсөн жил орон нутгийн хөгжлийн сангийн 2.1 тэрбум төгрөгийн хөрөнгөөр бүтээн босгосон Сүм Хөх бүрдийн цогцолборыг бүрэн ашиглаж, Дундговь аймгийн аялал жуулчлалын хөтөч ном, маршрутыг хэвлэх, “Тэмээний баяр”,” Айрагны баяр”, Ардын урлагийн наадам зэрэг уламжлалт зан үйл, нутгийн онцлогийг харуулсан үйл ажиллагааг тогтсон газар, тодорхой цаг хугацаанд зохион байгуулдаг болж, говийн бүсийн аймгуудтай хамтран аялал жуулчлалын нэгдсэн маршруттай болохоор төлөвлөжээ.

Т. Отгонтуяа 

相关新闻