Тэтгэврийн насыг нэмэгдүүлэх эцсийн шийдвэр гараагүй гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-04-08 12:56:05

Дундговь/МОНЦАМЭ/ Эрүүл мэндийн даатгалын сангаас иргэдэд хөнгөлөлттэй олгодог эмийн төсөв багасч, оны эхний улиралд хуваарилагдсан төсөв нь дууссанаас өнөөдрийг хүртэл иргэд хөнгөлөлттэй үнээр эм авч чадахгүй байгаа юм.

Үүнийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэгийг Мандалговьд ажиллах үеэр иргэд дуулгаж, эмийн төсвийг нэмэгдүүлэх эсэхийг иргэд лавлалаа. Дэд сайд С. Мөнгөнчимэг хариулахдаа, “Эрүүл мэндийн даатгалын сангаас олгодог хөнгөлөлттэй эмийн төсөв Дундговь аймагт 315 сая төгрөг хуваарилагдсан. Үүн дээр өнөөдөр 110 сая төгрөгийн нэмэлт төсөв шилжин орж байгаа. Намар төсвийн тодотгол хэлцэхэд энэ асуудлыг тавьж, 100 сая төгрөгийг нэмж тусгая” гэлээ.

Иргэдийн тавьсан асуултуудын нэг нь тэтгэвэрийн насыг нэмэгдүүлэхтэй холбоотой байсан. Тухайлбал, тэтгэврийн насыг нэмэгдүүлбэл ажлын ачааллыг хөнгөлөх эсэх, мөн тухайн иргэн өөрөө хүсвэл заавал 65 нас хүрэхийг хүлээлгүй тэтгэвэрт гарч болохоор тусгаж болохгүй юу гэдгийг иргэд асуусан юм.

Үүнд дэд сайд хариулахдаа, тэтгэвэрийн насыг нэмэгдүүлэх тухайд эцсийн шийдвэр гараагүй байгаа гэдгийг хэлээд “ Ер нь бол тэтгэвэрт суух ахмадуудаа тодорхой хугацаанд бэлдэх хэрэгтэй гэж үзэж байгаа. Ажлаа хийж яваад гэнэт нэг өдөр ажилгүй болчихоор ахмадуудын сэтгэл зүй, эрүүл мэндэд сөрөг тусдаг тал бий. Тиймээс  тэднийг тэтгэвэрт суухаас тодорхой хугацааны өмнө ажлыг нь хөнгөлөх, сэтгэл санааны хувьд бэлдэх, аажмаар дасгах үүднээс угтах бодлогыг хэрэгжүүлэхээр судалж байна” гэв.

Т. Отгонтуяа

相关新闻