Худалдаа наймаа хийдэг 800 гаруй иргэний эрх ашиг зөрчигдөж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДДорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн төвийн “Шүр” зах дээр арилжаа наймаа хийдэг 800 гаруй иргэний хөдөлмөрлөх эрх зөрчигдөж байна гэсэн дүгнэлтийг холбогдох байгууллагуудаас гаргажээ.
Ажлын байрны орчин нөхцөл хүнд, гэрээний дагуу үйл ажиллагаа явагддаггүй зэргийг хяналт шалгалтын явцад тогтоосноор асуудлыг хөндөх болсноо Дорнод аймгийн Үйлдвэрчний холбоо, иргэний нийгмийн байгууллагууд, Либераль эмэгтэйчүүдийн оюуны сангийн салбар зөвлөлийн удирдлагууд хэлж байна. Үүнтэй холбогдуулж хувиараа хөдөлмөр эрхлэгчид, ирэний нийгмийн байгууллагууд, төрийн байгууллагуудын төлөөлөл хэлэлцүүлэг хийж, санал бодлоо солилцов.
“Шүр” зах дээр худалдаа эрхлэгчид 2014 онд Үйлдвэрчний хороо байгуулан ажиллаж эхэлсэн юм. Тэд энэ оныг дуустал түрээслэгч байгууллагатайгаа гэрээ байгуулсан ч заалтууд нь зөрчигдөөд зогсохгүй, түрээсийн төлбөрт өөрчлөлт орсон нь худалдаа эрхлэгчдийг бухимдахад хүргэжээ. Үүсээд буй асуудлыг цаашид хэрхэн залруулж, хамтран ажиллах талаар тал талын төлөөлөл уулзаж ярилцаж байгаа ч шийдэлд хүрч чадахгүй байгаа юм.
Д.Дэлгэрмаа