Сирид зарины хий ашиглан халдлага үйлдсэн байна гэлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-04-07 09:46:12

АНКАРА. /Anadolu/. Сирид маш хүчтэй, мэдрэлд нөлөөлдөг зарины хий ашиглан халдлага үйлдсэн болохыг хохирогчдоос авсан шинжилгээний дээж нотлон харууллаа гэж Туркийн Засгийн газар мэдэгдлээ.

Энэ долоо хоногийн мягмар гарагт Сирийн баруун хойд нутгийн Идлиб мужийн босогчдын хяналтад байдаг Хан-Шейхун хотод агаараас цохилт өгсний улмаас наад зах нь 72 хүн амиа алдсан юм. НҮБ-ын Хүүхдийн сангийн мэдэгдсэнээр, хохирогчдын 27 нь хүүхэд аж.

Агаараас цохилт өгсний дараа олон арван хүний амьсгал боогдож, татаж унах зэрэг шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт хүргэгджээ.

Эмчилгээ хийхээр шархадсан хүмүүсийн заримыг нь Туркэд аваачсан байна. ДЭМБ-ын шинжээчид Туркийн холбогдох албаны хүмүүстэй хамтран гурван хохирогчийн цогцсонд задлан шинжилгээ хийжээ.

Туркийн ЭМЯ пүрэв гарагт мэдэгдэл хийхдээ “хохирогчид зарины хийнд хордон амиа алдсан байна” гээд “Химийн зэвсгийг хориглох байгууллагын шинжээчид өвчтнүүдээс мөн дээж авна” гэв.

Сирийн сөрөг хүчийхэн болон Барууны улсууд Сирийн Засгийн газрыг “химийн халдлага үйлдсэн” гэж зэмлэн буруушааж байгаа юм.

Харин "Сирийн засгийн газрын хүчнийхэн химийн халдлага үйлдсэн” гэх мэдээллийг тус улсын Гадаад хэргийн сайд Валид аль-Муаллем пүрэв гарагт хэвлэлийн бага хурал хийх үеэрээ эрс үгүйсгэн няцаажээ.

Г.Доржханд

相关新闻