Халуун хоол, цай, буцалсан усанд хүүхэд түлэгдэх явдал буурахгүй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь/МОНЦАМЭ/ Бага насандаа хүүхэд түлэгдэх нь насан туршид хөгжлийн бэрхшээлтэй болох, эрүүл мэнд, сэтгэл зүйгээр хохирох эрсдлийг үүсгэдэг. Тиймээс хариуцлага өндөр байхыг эмч нар эцэг эхчүүдэд байнга сануулдаг ч тэдний хайхрамжгүй байдлын улмаас хүүхэд түлэгдэж гэмтэх тохиолдол буурахгүй байна.
Дундговь аймгийн хувьд түлэгдэлтээс шалтгаалан бага насны хүүхэд нас барсан тохиолдол гараагүй. Гэхдээ хүнд хэлбэрээр түлэгдэж, эрүүл мэнд бие махбодын хувьд хохирч үлдэх тохиолдол олонтаа давтагдаж байгааг Гэмтэл согог заслын их эмч Ц. Батбилэг хэлсэн юм. 2017 он гарсаар хүүхэд түлэгдэлтэд өртөж, эмнэлэгийн тусламж авсан 15 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд энэ нь өнгөрсөн оны эхний улиралтай харьцуулахад өссөн тоо болж байна.
Эмч Ц. Батбилэг, “Хүүхдийн түлэгдэл эцэг эхийн хайхрамжгүй байдлаас шууд шалтгаалдаг.Түлэгдээд ирж байгаа хүүхдийн эцэг эхээс асуумж авахад, жишээлбэл, данх булаалдаад уйлахаар нь өгчихсөн чинь халуун цайнд гараа дүрчихсэн гэдэг ч юм уу, эсвэл аягатай хоолоо нэхээд уйлахаар нь бариулчихсан чинь гуяан дээрээ асгачихсан гэх зэргээр тун хайхрамжгүй хариулт өгдөг” гэлээ.
Бага насны хүүхэд түлэгдэхэд түлэгдлийн талбай бага байлаа ч гэсэн бие махбодь, арьсны бүтцийн онцлогоос шалтгаалан гүн түлэгддэг байна.
Хүүхдээ түлнэ гэдэг хүүхдээс татгалзаж байгаатай ялгаагүй гэдгийг бодож, хүүхдийнхээ эрүүл мэнд, амь нас, амьдралын чанарын төлөө хариуцлагаа өндөржүүлэх шаардлагатай байсаар байгааг эмч нар эцэг эхчүүдэд сануулж байна.
Т. Отгонтуяа