“Зөв боломж” компанийн ажилчид хордож нас барсан хэргийн байцаалт дуусчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДДорнод /МОНЦАМЭ/. “Зөв боломж” компанийн 31 ажилчин химийн гаралтай бодис ууж хордон, дөрвөн хүн насбарсан хэрэгтэй холбогдуулан гэрч, хохирогч, холбогдогч нараас байцаалт авч дуусчээ.
Тус аймгийн ЦГ-аас мөрдөн байцаалт явуулж, Прокурорын газраас хяналт тавин ажиллаж байна гэж Дорнод аймгийн прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Б.Ууганбаатар ярив. Харин мөрдөн байцаалт хараахан дуусаагүй байгаа. Мөн “Зөв боломж” болон “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журам зөрчсөн эсэхэд дүгнэлт гаргахаар холбогдох албаныхан ажиллаж байна.
Өнгөрсөн оны 11-р сарын сүүлээр Матад сумын нутаг дэвсгэрт газрын тос олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн газрын тос олборлолтын 21 дүгээр талбайд ажил үүрэг гүйцэтгэж байсан 31 ажилчин архи гэж андууран метилийн спирт ууснаас дөрөв нь амиа алдсан харамсалтай хэрэг гарч байсан юм.
Дашрамд дуулгахад, “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК нийгмийн хариуцлагаа ухамсарлан хохирогч нарт мөнгөн төлбөр олгож эхэлсэн байна.
Д.Дэлгэрмаа