Түймэрт өртсөн иргэдэд гэр өгчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн төвд өнгөрсөн сарын 28-ны өдөр гарсан гал түймэрт орон гэрээ алдсан цэргийн албан хаагчдад гэр өгчээ.
Тус аймагт БХЯамны төрийн нарийн бичгийн дарга хурандаа Х.Батбилэгээр ахлуулсан ажлын хэсэг ажиллах үеэрээ зэвсэгт хүчний 0167 дугаар ангийн гал түймэрт өртсөн албан хаагчдад гэр өгсөн байна. Өнгөрсөн сарын 28-ны өдөр тус цэргийн ангийн 10 айлын сууцанд гал гарч есөн өрх орон гэргүй болсон юм.
Өмсөж байсан хувцаснаасаа өөр зүйлгүй үлдсэн тэдэнд туслах аян Өмнөговь аймагт үргэлжилсээр байгаа бөгөөд аймгийн Засаг даргын Тамгын газрын хамт олон нэг өдрийн цалингаа хандивласныг ЗДТГ-ын дарга Ө.Баянмөнх гардуулан өгсөн байна.
Түймэрт өртсөн уг барилга нь 1970-аад оны үед баригдсан бөгөөд сүүлд засвар хийхдээ модоор карказ босгож модон хавтангаар доторлосон байсан аж. Уг барилгыг хүн амьдрах боломжгүй гэж Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар болон Зэвсэгт хүчний 0167 дугаар ангийн галын мэргэжилтний дүгнэлт гарсан байжээ.
Д.Мишигсүрэн