Cудалгааны мэдээлэл цуглуулах ажил 34.6 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-04-04 17:33:37

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Монгол Улс даяар явагдаж буй "Өрхийн амьжиргааны түвшинг тогтоох судалгаа"-ны мэдээлэл цуглуулалтын ажил Сэлэнгэ аймгийн хэмжээнд 34.6 хувьтай явж байна.

Сэлэнгэ аймгийн хэмжээнд нийт 19182 өрх судалгаанд хамрагдах бөгөөд өнөөдрийн байдлаар 6640 өрх хамрагдаад байгаа аж. Харин 25 өрх судалгаанд хамрагдахаас татгалзжээ.

Энэхүү "Өрхийн амьжиргааны түвшинг тогтоох судалгаа"-д өрхийн 0-18 насны хүүхэдтэй, 2013 онд явагдсан судалгааны үр дүнгээр амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур гэж тогтоогдсон өрхүүд хамрагдах юм байна. Судалгааны ажилд 98 тоологч, 16 шивэгч, 56 хөтөч, 34 жолоочийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна хэмээн аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс мэдээллээ.

Албан ёсны нээлт нь 3-р сарын 31-ний өдөр болсон энэхүү "Өрхийн амьжиргааны түвшинг тогтоох судалгаа"-ны мэдээлэл цуглуулалтын ажил энэ сарын 09-ний өдрийн 18 цагт дуусах юм.

Ч.Отгонцэцэг

相关新闻