“Эр хүний овоо”-ны эзэн
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДДорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн төвд “Эр хүний” гэсэн тодотголтой нэгэн овоо бий. Аймгийн төвөөс хойд сумд руу гардаг зам дагуу байдаг болохоор тэр үү байнга хүний хөлд дарагдана. Угтаа үдэлт угталтын газар ч гэж хэлж болмоор. Хол ойрын зочин гийчдэд Чойбалсан хотыг дэргэд болоод дээрээс нь харуулахад тун ч тохиромжтой, нэг үгээр хэлбэл манайдаа “Зайсан толгой”.
Манайхан болсон хойно архи дарсны шил, тамхины иш, хог цаасаа ил задгай хаяж ойр орчны нь бохирдуулна. Гэтэл энэ бүхнийг хэнээр ч хэлүүлэлтгүй, шан харамж нэхэхгүйгээр ухамсраараа арчилж цэвэрлэдэг хүн нь Балжиннямын Эрдэнэ гэгч юм. Тэднийх энд ойролцоо болохоор хүүхдээ салхилуулангаа долоо хоногт 2-3 удаа овоог цэвэрлэнэ. Тэрээр “Элдэв лам, бөө гэж цаг зав хамгаа барж байснаас уул овоондоо залбирчихвал бие хөнгөрөөд сэтгэл сайхан болоод явчихдаг юм. Манайхан овоон дээр хадаг самбай, шил, таяг гээд тавихгүй юм байхгүй. Ядаж байгальд өөрөө уусч шингэхээр зүйл өргөдөг болчихвол” гээд халаглаж суусан.
Хүрээлэн байгаа орчин, байгаль эх дэлхийгээ хайрлах нь хүн бүр ил задгай хог хаяхгүй байхаас эхлэнэ. Эрдэнэ шиг ийм хүмүүс олшроосой хэмээн хүмүүс ярьдаг юм.
Д.Дэлгэрмаа