С.Эрдэнэ: АН-ын удирдлагад ажиллах хүн оффшорт данстай байх нь зохисгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2017-04-03 15:02:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын 2-нд буюу өчигдөр орон даяар Ардчилсан намын дотоод сонгууль болж өндөрлөсөн. Тус сонгуулийн урьдчилсан дүнгийн талаар өнөөдөр Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан, Дотоод сонгуулийн хорооны дарга Б.Ариунболд нар мэдээллээ.

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, "АН-ын дотоод сонгуульд аймаг, нийслэл, дүүрэг, намын үүрийн дарга зэрэг 17 мянган албан тушаалд 20 мянга гаруй нэр дэвшигч өрсөлдөж, нэг зэрэг санал хураалт явууллаа. Ардчилсан намын дотоод сонгуульд 152800 гишүүн санал өгөх эрхтэйгээс сонгуулийн ирц 78 хувьтай болж өнгөрлөө.Энэхүү сонгуулийг явуулснаар АН ардчиллын хоёр дахь сууриа хийсэн гэхэд болно. Мөн нэр дэвшигчийн дэнчин, хураамж, түүний зарцуулалт зэргийг ил тод болгож, санхүүжилтийг шилэн болголоо. Эдгээр мэдээллийг АН-ын сайт дээр ил тавьж, олон нийтэд мэдээлэх болно. Үүгээр бид Монголд улстөрийн шинэчлэлийн эхлэлийг АН тавьж байна" гэв.

Үндэсний бодлогын хорооны гишүүнд 511 нэр дэвшигч өрсөлдсөнөөс дөрвөн нэр дэвшигчийг нэрсийн жагсаалтаас хассан учраас 506 нэр дэвшигч 380 суудалд өрсөлдсөн байна. Үүнээс 76 суудалд эмэгтэй, 76 суудалд эрэгтэй, чөлөөт суудалд хяналтын тооллого дуусаагүй байгаа аж. Мөн Үндэсний бодлогын хороонд нэр дэвшсэн Дорнод аймгийн хоёр, Дархан-Уул аймгийн нэг, Сэлэнгэ аймгийн нэг нэр дэвшигчийг тус тус нэрсийн жагсаалтаас хассан байна. Аймаг, нийслэлийн даргад 54 хүн нэр дэвшин өрсөлджээ. Дотоод сонгуулийн үеэр 10 мянга гаруй гишүүн саналаа өгч чадаагүй нь дотоод зохион байгуулалттай холбоотой учраас цаашид бүртгэлтэй холбоотой асуудлыг дахин гаргахгүй гэдгийг намын удирдлагууд хэллээ.

Тайлбар: Аймаг, нийслэлийн даргад өрсөлдөн сонгогдсон хүмүүсийн нэрс /урьдчилсан байдлаар/

Аймаг, нийслэл

Сонгогдсон гишүүн 

1

Нийслэлийн АН-ын дарга

Д.Баттулга

2

Архангай

М.Батжаргал

3

Баян-Өлгий

Е.Зангар

4

Баянхонгор

Д.Ширмэн

5

Булган

Б.Ариун-Эрдэнэ

6

Говь-Алтай

Ц.Нанзаддорж

7

Говьсүмбэр

Д.Сүрэнжав

8

Дорноговь

Б.Батбаяр

9

Дорнод

П.Алтангэрэл

10

Дундговь

Ц.Мөнхбат

11

Өвөрхангай

Хяналтын тооллого дуусаагүй

12

Өмнөговь

Р.Сэддорж

13

Сэлэнгэ

Хяналтын тооллого дуусаагүй

14

Төв

Ц.Мэндсайхан

15

Ховд

Ч.Чинбат

16

Хөвсгөл

Ш.Идэрбаясгалан

17

Хэнтий

Ш.Батдэлгэр

18

Дархан-Уул

Х.Гантулга

19

Орхон

Д.Алтанхуяг

20

Увс

Ч.Чимид

21

Багахангай дүүрэг

Ц.Алтанцэцэг

22

Хан-Уул дүүрэг

Хяналтын тооллого дуусаагүй 

23

Чингэлтэй дүүрэг

Г.Баярсайхан

24

Сонгинохайрхан дүүрэг

М.Чинболд

25

Налайх дүүрэг

М.Дашхүү

26

Багануур дүүрэг

Ч.Очирхүү

 

Үндэсний бодлогын хороонд нэр дэвшсэн 511 хүнээс сонгуулийн явцад нийт дөрвөн нэр дэвшигчийг дотоод сонгуулийн өмнө нэрсийн жагсаалтаас хассан. Дорнод аймгаас хасагдсан хоёр нэр дэвшигч нь АН-ын Хяналтын ерөнхий хорооноос тодорхой хугацаатай шийтгэл оногдуулсан байсан бөгөөд тэр шийтгэлийн хугацаа нь дуусаагүй учраас хассан. Дархан-Уул аймгаас мөн шийтгэл нь дуусаагүй гэсэн шалтгаанаар нэг нэр дэвшигчийг хассан. Сэлэнгэ аймгаас нэг нэр дэвшигчийг АН-ын дүрмийн хороонд гомдол ирсэн учраас тус тус нэрсийн жагсаалтаас хассан. Мэдээллийн дараагаар сэтгүүлчид сонирхсон асуултдаа хариулт авав.

-УИХ-ын гишүүн асан С.Баярцогтыг нэрсийн жагсаалтаас яагаад хассан юм бэ?

-Нэр дэвшигч С.Баярцогтын хувьд намын тодорхой гишүүдээс санал гомдол ирсэн. Энэ гомдлын хүрээнд Үндсэн дүрмийн хороо хуралдаж, асуудлыг шалгах шаардлагатай гэж үзээд Үндэсний бодлогын хороонд нэр дэвшүүлэхийг түр түдгэлзүүлсэн. Үндсэн дүрмийн хороо дотоод сонгуулийн дүн гарсны дараа дахин хуралдаж тодорхой шийдвэр гаргана.

-С.Баярцогтын асуудлыг шалгасны дараа ямар нэг асуудалгүй гэвэл түүний асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ.?

-Ардчилсан нам өнөөдөр гишүүдийнхээ ёс зүй, хууль дүрмийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа эсэхэд хатуу хяналттай ажиллана. Оффшор данстай гэдгээ С.Баярцогт хүлээн зөвшөөрсөн. Энэ асуудлыг тодруулах шаардлагатай гэж бид үзсэн. Цаашид АН-ын удирдлагад оффшор данстай хүн байх нь зохисгүй гэж үзэж байгаа. Ганц С.Баярцогт ч биш. АН-ын дүрмээр цаашид Үндэсний бодлогын хорооны гишүүнийг жил бүр сонгох, нийт гишүүдийн гуравны нэгийг жил бүр дахин сонгодог байхаар тусгасан. Тиймээс хэн ч дахин сонгогдох боломжтой.

-С.Баярцогтыг АН-аас хөөнө гэсэн мэдээлэл гарсан. Энэ яриа ортой юу?

-Намын түвшинд С.Баярцогтыг намаасаа хөөх асуудал яриагүй.

-Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг Үндэсний бодлогын хорооноос сонгох уу эсвэл их хурлаас сонгох уу?

-Хуулиараа тавдугаар сарын 2-7-нд Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулна. Тиймээс бид АН-ын их хурлаар нэр дэвшигчийг тодруулна. Одоогоор Их хурлын тов гараагүй байна.

Б.Туул

Б.Чадраабал

 

 

相关新闻