Хар салхины улмаас Австралид 760 сая гаруй долларын хохирол учирчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНСИДНЕЙ./TASS/. Өнгөрсөн долоо хоногт Австралийн зүүн хойд хэсэгт дэгдсэн халуун орны “Дебби” хар салхины улмаас 1 тэрбум гаруй австрали долларын /760 сая ам.доллар/ хохирол учирчээ. Энэ тухай Австралийн даатгалын компаниудын үндэсний зөвлөлийн төлөөлөгч мэдэгдлээ.
Түүний мэдээлснээр, сүүлийн өдрүүдэд байгалийн гамшигт өртсөн бүс нутгийн оршин суугчид хохирлоо нөхөн төлүүлэх тухай 13 мянга гаруй нэхэмжлэл гаргаад байгаа бөгөөд энэ тоо цаашид нэмэгдэх төлөвтэй байна. “Эдгээр нэхэмжлэлүүдийг нягтлан үзэхэд тодорхой хугацаа шаардагдана” гэж даатгалын төлөөлөгч хэлжээ.
“Дебби” хар салхи өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт Австралийн Квинслэнд мужийн хойд эрэгт хүрсэн бол лхагва гарагаас хүч нь суларчээ. Хар салхинаас үүдэлтэй аадар борооны улмаас зэргэлдээх Шинэ Өмнөд Уэльс муж үерт автжээ. Квинслэндын хэд хэдэн районд дахин үер болох аюул хэвээр байгаа ба 70 гаруй мянган хүнтэй тус мужийн Рокгемптон хотод нөхцөл байдал хүнд байна. Эрх баригчдын мэдээлснээр, мягмар гарагаас лхагва гарагт шилжих шөнө тус хотыг дайран өнгөрдөг Фитцрой голын усны түвшин 1954 оны их үер болох үеийн түвшинг давж болзошгүй байгаа юм.
Үерийн улмаас таван хүн амиа алдаж, Квинслэндийн гурван оршин суугч сураггүй алга болсон тухай дээрх хоёр мужийн албаны хүмүүс мэдээлжээ.
О.Барс