Хачигт халдвараас сэргийлэхийг иргэдэд сануулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь/МОНЦАМЭ/ Гуравдугаар сарын сүүлчээс эхлэн хачигт халдвараас сэргийлэх нь ялангуяа хөдөөгийн иргэдэд зайлшгүй анхаарах зүйл болдог. Энэ талаар Зоонозын өвчин судлалын төвөөс иргэдэд зөвлөмж өгч эхэлжээ.
2011- 2016 онд Дундговь аймгийн Зооноз өвчин судлалын төвийн биологич М. Урансугир хачигт халдварын тандалт судалгаа хийсэн байна. Түүний судалгаагаар тус аймгийн 15 сумын 6 суманд хачгаар дамжих халдварын байгалийн голомттой, бэлчээрт байгаа хачгийн 70 – 80 хувь нь риккетси нянгаар халдварлагдсан байдгийг тогтоосон байна. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 13 хувь хачгаар дамжих халдвараар халдварлагдсан. Бэлчээрийн хачигийн халдваржилт, хүний халдваржилтын харилцан хамаарал 0.95 хувь буюу хүчтэй эерэг гэсэн дүнг гаргажээ.
Хачигт халдварууд халдварт өвчний бүртгэлд арав гаруй жилийн өмнө буюу тодруулбал, хачигт боррелиоз 2003 онд, хачигт риккетсиоз 2005 оношлогдож, халдварт өвчний бүртгэлд орсон, харьцангуй шинэ халдвар гэж үздэг байна. Дундговь аймгийн хувьд бэлчээрийн хачиг ихтэй. Малчид үүнийг малын хачиг ч гэж нэрлэдэг нь бий. Бэлчээрийн хачиг нь жил бүрийн 3 дугаар сарын сүүлчээс идэвхижиж, салхиар хаа сайгүй зөөгдөн тархаж, 5 дугаар сарын эхээр амьтдад шимэгчлэн амьдардаг байна. Өөрөөр хэлбэл 4 дүгээр сар ид идэвхижлийн үе байдаг ажээ. Энэ үед хүнийг хазах нь элбэгшиж, хачиг риккетси хэмээх нянгаар халдварлагдсан тохиолдолд хүн риккетсиоз өвчнөөр өвчилдөг байна. Хачигт хазуулж халдвар авсан хүн халуурч, толгой өвдөх, биеэр гүвдрүүт тууралт гарах шинж тэмдэг илэрдэг ажээ.
Тиймээс иргэд хачиг идэвхиждэг 4 сарын турш хачигт риккетсиозын халдвараас болгоомжилж байх хэрэгтэйг сануулж байна.
Т. Отгонтуяа