Бразилын махны экспорт 19 хувиар буурчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГРИО-ДЕ-ЖАНЕЙРО. /TASS/. Бразилын үйлдвэрлэгчид чанар муутай мах борлуулсан асуудлыг тойрон дэгдсэн дуулианы улмаас тус улсын өдөр тутам экспортолдог махны хэмжээ бараг 19 хувиар буурчээ. Энэ тухай даваа гарагт тус улсын Аж үйлдвэр, гадаад худалдаа, хөгжлийн яам мэдээллээ.
Тус яамны мэдээлснээр, дуулиант хэрэг гарахын өмнөх долоо хоногт Бразил улс 294,8 сая долларын мах, махан бүтээгдэхүүн экспортолсон байна. Гэтэл дуулиант хэргийг мөрдөн шалгасан дүнг нийтэлсэн өнгөрсөн долоо хоногт дээрх тоо 252,7 сая доллар болтлоо унажээ.
Махны экспортын өдөр тутмын дундаж хэмжээ 62,2 сая доллароос 50,5 сая доллар хүртэл унасан нь 18,8 хувийн бууралт юм.
“Үүссэн нөхцөл байдлыг ашиглан мах үйлдвэрлэдэг манай өрсөлдөгчид гадаад зах зээл дээрх өөрсдийн байр сууриа бэхжүүлж байна” гэж Бразилын Хөдөө аж ахуй, мал аж ахуй, хангамжийн сайд Блайру Мажжи хэлжээ Энэ дуулиант хэрэг Бразилын мах, махан бүтээгдэхүүний нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн боловч тус улс зах зээл дээрх байр сууриа сэргээж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа сайд илэрхийллээ.
О.Барс