Эмч нарын хөдөлмөрийг үнэлж, өөрийн нэрэмжит шагналыг гардуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-03-27 23:42:36

Дундговь/МОНЦАМЭ/ Мэргэжил нэгт нөхдийнхөө хөдөлмөр үйлсийг алдаршуулах зорилгоор Монгол Улсын хүний гавъяат эмч М.Баянсан өөрийн нэрэмжит шагналыг бий болгожээ. Тэрээр энэ шагналаа “Алтан чагнуур” хэмээн нэрлэсэн байна.

“Дундговь аймагт аж төрж буй гавъяат эмч нар дор бүрнээ санаачилсан үйл ажиллагаатай. Тухайлбал, клиникийн профессор Б. Ганхөлөг өөрийн нэрэмжит онол практикийн бага хурлыг эмч нарын дунд зохион байгуулдаг бол клиникийн профессор Ш. Готов агсны гэр бүл болон клиникийн профессор Л. Болормаа залуу эмч нарыг дэмжин урамшуулдаг. Тэдний нэгэн адилаар эмч нартаа урам өгч, хөдөлмөр үйлсийг нь алдаршуулахад хувь нэмэр оруулах зорилгоор энэ шагналыг бий болгож байна” гэж гавъяат эмч М. Баянсан хэллээ.

 Уг шагнал нь “Алтан чагнуур” хэмээх дурсгалын медаль, хагас сая төгрөгийн мөнгөн урамшуулал байх бөгөөд анхны шагналыг  Дэлхийн эмч нарын өдрөөр гардуулна. Цаашид жил бүрийн энэ өдөр эзэндээ очих ажээ.

Алтан чагнуурын эхний шалгаруулалтад Өндөршил сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч Д. Эрдэнэчулуун, Нэгдсэн эмнэлгийн Нүдний их эмч П. Цэцэгням,  Сайхан- Овоо сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч С. Мядагмаа нарыг аймгийн Эрүүл мэндийн газраас тодорхойлсон байна. Тэд эрүүл мэндийн салбарт 23- 34 жил хөдөлмөрлөж яваа, ард олондоо танигдсан эмч нар. Шагналыг санаачлагч иргэдийн саналын оролцоотойгоор шалгаруулалтыг хийхээр цахимаар санал авч байгаа. Өнөөдрийн байдлаар 700 гаруй хүн саналаа өгсөн гэлээ.

Т. Отгонтуяа 

 

相关新闻