УИХ-ын гишүүн сэтгүүлчидтэй уулзлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгаас УИХ-д сонгогдсон Н.Амарзаяа орон нутагтаа ажиллаж байгаа билээ. Тэрээр өнөөдөр орон нутгийн сэтгүүлчидтэй чөлөөт уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр тэрээр аймаг орон нутагтаа хийж хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаар товч ярилцаж сэтгүүлчидтэй санал бодлоо чөлөөтэй солилцсон юм. УИХ-ын эмэгтэй гишүүдээс орон нутагт иргэдийнхээ дунд ажиллаж амьдарч байсан гэдгээрээ тэр онцлог буюу давуу талтай нэгэн. Энэхүү уулзалтынхаа үеэр ч нутгаа санаж, нутагтаа юуг хийх талаар бодож бас хийж буйгаа цухас дурдсан юм. Тэрээр ШУТИС-ийн салбар сургуулийг орон нутагтаа байгуулах, уул уурхай болон орон нутагтаа хэрэгцээт мэргэжлээр нутгийнхаа хүүхдүүдийг бэлтгэж ажиллуулах талаар аймгийнхаа удирдлагуудтай хамтран ажиллаж байгаа гэлээ. Тус аймгийн Гурвантэсийн улаан чулуу, Булган сумын нутгаас өнгийн чулууг түүж, олборлон иргэд хилээр гаргасаар байгаа юм. Тиймээс нутгийнхаа үнэт баялаг болсон байгалийн өнгийн чулууг түүхийгээр нь хил дамнуулан гаргах бус орон нутагтаа эцсийн бүтээгдэхүүн болгон гадаадад гаргах тал дээр эрх зүйн орчин хэрэгтэй байгааг онцлон анхаарч ажиллахаа хэлсэн юм.
Дөрөв дэх засаглал болсон нутгийнхаа сэтгүүлчидтэй тэрээр нягт уялдаа холбоотой ажиллахаа илэрхийлж, нутагтаа ажиллаж байгаа талаараа маргааш албан ёсоор мэдээлэл хийхээр боллоо.
Д.Мишигсүрэн