Зава Дамдины мэндэлсний 150 жилийн ойд 100 гаруй монголч эрдэмтэд хүрэлцэн ирнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь/МОНЦАМЭ/ Нэрт соён гэгээрүүлэгч, номч гавж Зава Дамдины мэндэлсэний 150 жилийн ойг Дундговьчууд ирэх долдугаар сарын 26- 30- ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлнэ. Энэ өдрүүдэд ямар үйл ажиллагаа болох нь тодорхой болсон байна. Үүнийг Ойг зохион байгуулах комиссын нарийн бичгийн дарга Н. Эрдэнэ- Очироос тодрууллаа.
Ойд зориулсан үйл ажиллагаа хоёр хэсгээс бүрдэж байна. Долдугаар сарын 26- 29- ны өдрүүдэд Дэлгэрийн Чойрын хийдэд эхний үйл ажиллагаа болох бөгөөд үүнд 30 гаруй орноос хүрэлцэн ирэх 100 гаруй монголч эрдэмтэдийн эрдэм шинжилгээний бага хурал, Монгол архитектурын шийдлээр олон жилийн турш бүтээн барьж дуусгаад байгаа Чойрын хийдийн шинэ дуганыг нээх ёслол, мөн Хад доншиг хэмээх ном хурах үйл ажиллагаа багтсан. Үйл ажиллагааны хоёр дахь хэсэг 30- ны өдөр Мандалговь хотод үргэлжлэх бөгөөд энэ нь Зава Дамдин гавжийн зохиол “Алтан дэвтэр”- ээр нэрлэгдсэн даншиг наадам болно. “Алтан дэвтэр” даншиг наадмын зохион байгуулах комисс саяхан байгуулагдсан гэлээ.
Энэ ойд зориулж Зава Дамдин судлаач Х. Шонхор Зава Дамдины зохиол “Мөхийн жасын цам”- ыг сэргээн бичсэн байна. Мөн “Тайлагдаагүй оньсого” хэмээх хөгжимт жүжигт нь УГЗ Б.Дашням хөгжмийн зохиол бичиж байгаа бөгөөд ойн үеэр үзэгчдийн хүртээл болох юм байна.
Их номчийн мэндэлсэний 150 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх зардалд зориулан хандивын данс нээжээ.
Т. Отгонтуяа