Туркийн тогтоосон татварын улмаас Оросын экспортлогчид 500 сая долларын алдагдал хүлээнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГМОСКВА. /TASS/. Оросын үр тариа, эрдэнэ шиш, багсармал тэжээл, наранцэцгийн тосыг Турк рүү экспортлохыг зохиомлоор хязгаарлах нь 500 сая долларын алдагдал учруулж магадгүй гэж Оросын хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчид болгоомжилж байгаа ажээ. Энэ тухай “Коммерсант” сонин шинжээчдийн дүгнэлтийг иш татан мэдээллээ.
Ирэх 6 дугаар сарыг дуустал Оросын экспортлогчид Турк рүү 0,5-1 сая тонн улаан буудай, 400-700 мянган тонн эрдэнэ шиш, 100-200 мянган тонн наран цэцгийн багсармал тэжээл, 250-350 мянган тонн наран цэцгийн тос амжин ачуулан экспортлох боломжтой гэж Дүн шинжилгээний “Совэкон” төвийн захирал Андрей Сизов ярьжээ.
А.Сизовын тооцоолсноор, Оросын газар тариаланчдын хүлээх алдагдал 500 сая долларт хүрч магадгүй байгаа аж.
Туркийн эрх баригчдын үйлдлээс болж экспортолж чадаагүй улаан буудай нь нөөцөд шилжих ба түүний зарим хэсгийг нь хямдралтай борлуулахаас аргагүйд хүрэх юм.
Турк улс 3 дугаар сарын 15-наас эхлэн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ Туркт татваргүй нийлүүлэх орнуудын жагсаалтаас Оросыг хассан юм. Үүнээс өмнө, дахин боловсруулах эсвэл цааш нь гуравдагч оронд экспортлох зорилгоор Туркт ХАА-н бүтээгдэхүүн оруулж ирж байгаа бол Оросын бүтээгдэхүүнийг татваргүй оруулах журам үйлчилж байсан юм. Гэхдээ Оросын хөдөө аж ахуй бүтээгдэхүүнийг Туркийн зах зээл дээр борлуулах бол 130 хувийн татварыг төлдөг байв. Харин одоо Турк рүү Оросоос оруулж буй бүх төрлийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд ийм татвар ногдуулах болсон нь Оросын экспортлогчдод учрах дарамтыг эрс нэмэгдүүлж байна.
Үүнээс өмнө, Оросын ХААЯ Оросын ХАА-н бүтээгдэхүүнд тавьсан Туркийн импортын татварыг дарамт шахалт үзүүлж буй хэрэг гэж үзэж байгаагаа мэдэгдсэн билээ. Ийм арга хэмжээ нь Турк руу Оросын улаан буудай, эрдэнэ шиш, шош, цагаан будаа болон бусад ХАА-н бүтээгдэхүүнийг оруулахыг бүрмөсөн зогсооход хүргэж магадгүй юм.
О.Барс