Үенч суманд таван ихэр ишиг төржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Үенч сумын Цагаан түнгэ багийн малчин н.Отгонбаярын хотонд 5 ихэр ишиг төржээ.Таван ихэр шиг төрөх тохиолдол ховор байдаг.
Тус аймгийн Эрдэнэбүрэн сумын Шураг багийн малчин Б.Сэрдамбын хотны улаан ямаа 2011-2015 онуудад жил дараалан таван ихэр ишиг төрүүлж байсан удаатай. Малчин Сэрдамба олон жил дараалан ихэр ишиг төрүүлсэн улаан ямаагаа бусад малаас илүү хайрлаж, нүүдэл хийх үедээ машин дээр ачиж, сүрэг сэлбэж өгсөн буянт мал хэмээн дээдэлдэг гэж нутгийнхан ярьдаг. Түүний адил Үенч сумын малчин н.Отгонбаяр тахиа жилийн эхний төл таван ихэр ишиг мэндэлсэнд мал сүрэг өсөж үржихийн бэлэгдэл хэмээн баяртай байна.
Ховд аймгийн малын бүтцийг авч үзвэл ямаа нийт малын 51,4 хувийг эзэлдэг. Энэ жил Ховд аймагт 4 сарын эхээр мал төллөж эхлэхээр зохион байгуулалт хийсэн гэж малчид ярьж байна. Тахиа жилийн хавар салхи шуурга, цас зуд багатай дулаан тогтуун байгаа нь мал төллөлтөд таатай нөлөө үзүүлэхээр байна.
А.Бямбасүрэн