Дунд сургуулийн сурагчид малчдад тусалж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын 12 жилийн дунд сургууль 1300 сурагчтайгаас “Малчдад туслах аянд” 800 гаруй сурагч оролцож байна. Сурагч бүр өөрсдийн нөхцөл боломжид тулгуурлан нэг малчин өрхөд зориулан бараа материалыг цуглуулж бэлтгэсэн бөгөөд орон нутгийн багийн дарга нар хүлээж авч малчдад тараах аж.
Жаргалант сум 360 малчин өрхтэй, 168 мянган малтайгаас бог бод нийлсэн 70 мянган эх мал төллөх бөгөөд одоогийн байдлаар мал төллөлт дөнгөж эхэлж байна. Жаргалант сум аймгийн цас ихтэй сумдын нэг бөгөөд одоо хөдөөгүүр цасны зузаан 15-20 см, гуу жалгаар 80-90 см зузаан цастай байна. "Цас нэлээн шуураад хатуурч хөрөлзсөн цасан дээр мал шилбэ, туурайгаа гэмтээж халцлах тохиолдлууд нэмэгдэх шинжтэй байна. Мөн мал бэлчээрлэхэд бэлчээрийн хомстол үүссэн байгаа" гэж Төв аймгийн Жаргалант сумын Засаг дарга Т.Цолмонгэрэл хэллээ.
Хаваржилтад зориулж сумын төвийн ажилгүй 40 гаруй иргэдийг малчин өрхүүдэд төлчнөөр туслуулахаар бүртгэл хийгдэж байна. Мөн аймгийн Онцгой байдлын алба, улсын Онцгой байдлын газраас олгосон 1600 боодол өвсийг татаж малчин айл өрхүүдээр олгож дуусчээ. Нэг айлд дунджаар гурваас дөрвөн боодол тараасан байна. Үүнээс гадна малын эмч, хүний эмч, багийн дарга нар нийлсэн хамтарсан баг энэ долоо хоногоос хөдөөгийн малчин өрхүүдээр явж малдад тулгарч байгаа ямар асуудлууд байгааг үзэж газар дээр нь эмчилгээ, зөвлөгөөг үзүүлэх аж.
Цаашид сум орон нутгаас малын зүй бус хорогдлыг гаргахгүй байх талаар онцгой анхаарч ажиллаж байна.
Т.Есүхэйтөмөр