Эхийн хэвлийд бойжиж буй урагт аавуудын халамж юунаас ч илүү чухал

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-03-22 17:32:02

Дундговь/МОНЦАМЭ/ Арван кг ачаа өргөж яваа шиг тийм ачаалал жирэмсэн эхэд тулгарч ирдэг байна. Энэ ачааллыг эрчүүд өөрийн биеэр мэдэрч, жирэмсэн эхнэртээ анхаарал халамж хэрхэн хандуулах вэ гэдгээ илүү бодитоор ойлгосон сургалтыг аймгийн Нэгдсэн эмнэлэгийн төрөх тасаг, Дэлхийн зөн- Дундговь ОНХХ- ийн дэмжлэгтэйгээр өнөөдөр зохион байгууллаа.

Эрүүл саруул хүүхэд төрүүлж, иргэн хүн болгож төлөвшүүлнэ гэдэг ураг эхийн хэвлийд анх бүрэлдсэн тэр мөчөөс л эхлэн анхаарал хандуулах  асуудал учраас  жирэмсэн эхийн эрүүл мэнд, жирэмсний явц эмчийн байнгын хяналтад байдаг. Жирэмсэн эхэд чиглэсэн сургалт зөвлөмжийг ч эмч сувилагчид тогтмол өгч, эхийн бие болоод сэтгэл зүйг төрөлтийн үед нь бэлддэг билээ. Гэхдээ  эрүүл мэнддээ эх өөрөө болон зөвхөн эмч сувилагч нар ингэж анхаарал хандуулах биш гэр бүлийн гишүүд, тэр дундаа нөхрийн халамж анхаарал тун чухал тул тэдэнд энэ сургалтыг зориулсан гэж Төрөх тасгийн ахлах эх баригч А. Алтанчимэг хэллээ.  

10 кг- тай дүйцэх ачаа бүхий тусгай хормогчийг сургалтад хүрэлцэн ирсэн эрчүүд өмссөн байна. Тэд жирэмсэн эхчүүд шиг дасгал хөдөлгөөн хийж, жирэмсний явц, ургийн өсөлтийн талаар видео зөвлөгөө сонссон бөгөөд интернэтээс л мэдээлэл олж авч байсан уу гэхээс ийм сургалт зөвлөгөөг эмчийн амнаас, илүү бодитоор сонсч байгаагүй. Сургалт үр дүнтэй байлаа гэж эрчүүд сэтгэгдэл хуваалцаж байсан юм.

Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгийн төрөх тасагт жилд 700- 800 гаруй эх амарждаг байна. Түүний 40- 50 гаруй хувь нь 19- 24 настай, анх төрж байгаа эхчүүд байдаг. Тэдний хувьд жирэмсний явц, ургийн өсөлтийн талаар мэдлэг дутмаг байдаг тул өнгөрсөн жил Нэгдсэн эмнэлэг Дэлхийн зөн байгууллагын дэмжлэгээр жирэмсэн эхчүүдийн сургалтын танхим нээсэн байна. Ингэснээр жирэмсэн эх амаржих хүртлээ хамгийн багадаа 10 удаагийн сургалтад хамрагддаг болсон байна. Энэ хэрээр эхчүүд төрөлтөд өөрийгөө бэлдэж чаддаг болжээ.

Т. Отгонтуяа 

 

相关新闻