Ц.Лхүндэвдорж гуайн түүх алдрын танхимаар иргэд дахин зочилдог боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-03-22 16:46:30

Дундговь/МОНЦАМЭ/ “Хүний намтар түүхийг судалж таниулахаас илүү өөр эрхэм гавъяа гэж үгүй биз ээ” хэмээн УИХ-ын дарга асан Д. Дэмбэрэл өөрийн сэтгэгдлээ бичиж, гарын үсгээ зурж үлдээсэн нь Сайнцагаан сумын иргэн Ц.Лхүндэвдоржид арав шахам жил хадгалагдаж байна. Үүн шиг 700 гаруй хүн түүний цуглуулгыг үзээд төрсөн сэтгэгдлээ бичиж үлдээсэн бөгөөд энэ нь хоббигоо хөгжүүлэхэд урам зориг өгч байдгийг тэрээр хэлсэн юм. Түүний цуглуулга аймгийн Төв номын санд дэлгэгдэж, өчигдрөөс эхлэн олон нийтэд дахин хүрч эхэлжээ.

Хүмүүсийн  сонирхдог хобби цуглуулга гэдэг өөр өөрийн онцлог, өнгө төрхтэй байдаг ч нийгмийн хөгжлийн үе шатыг харуулах түүх болдогоороо адил төстэй гэхэд болно. Ц. Лхүндэвдорж гуай статистикийн байгуулагад он удаан жил ажилласан ахмад статистикч хүн. Аймаг орон нутгийнхаа мал аж ахуйн хөгжил, эдийн засгийн өсөлт, хүн амтай холбоотой бүхий л тоон мэдээллийг аймаг байгуулагдсан он буюу  1942 оноос эхлүүлэн цуглуулж, нэгтгэсэн байдаг.

 Түүнээс гадна Ц. Лхүндэвдорж гуай өөрийн аймгийн ард иргэд төдийгүй 21 аймаг, дэлхийн улс орнуудын алдартнуудын түүх алдар, намтрыг цуглуулдаг бөгөөд Монгол Улсдаа тохиосон онцлог түүхэн үйл явдал,  21 аймгийн алдарт хүмүүсийн намтар түүх, байгалийн үзэсгэлэнт газрууд, монгол орны рашаан, гол мөрөн, ургамал амьтан, уул ус гээд олон сэдвээр төрөлжүүлсэн зургийн цомогтой. Гэрэл зургаар болон сонин, сэтгүүлийн хайчилбараар цуглуулж бүрдүүлсэн 100 мянга илүү зураг түүнд байна. Анх 2003 онд Монгол Улсын генерал цолтнуудын намтар түүх, гэрэл зургийг цуглуулж цомог хийснээсээ улбаалан дэлхийн улс орнуудын алдартнууд хүртэлх хүмүүсийн намтар түүх болон олон арван сэдвээр зургийн цомгоо ийнхүү баяжуулжээ. Түүний цуглуулга гар бичмэл, гэрэл зургаас бүрддэг. “Түүхэн үйл явдал хүмүүсийн намтар түүхийг гар бичмэлээр бичиж, түүнийгээ зургаар баяжуулсан нь миний цуглуулгын онцлог. Хүмүүсийн сонирхлыг ч татдаг. Ураг удмын хүнээ хайсан, ургийн бичгээ хөтөлж эхлэх гэсэн хүн зорин ирдэгт нь би дуртай. Хайсан мэдээллээ цуглуулгаас минь олж аваад явдагт нь сэтгэл бүр ч өег байдаг. Энэ л өдий олон жил хүмүүсийн түүх алдрын цуглуулга хийсний маань ач холбогдол болно шүү дээ” гэж Ц. Лхүндэвдорж гуай ярьж байна. Өөрийн цуглуулгаа тухайн цаг үеийн түүхийг үлдээж байгаа хойч үед үлдэх танин мэдэхүйн өв гэж тэрээр хэлсэн. Ц. Лхүндэвдорж  гуай өөрийн цуглуулгаа ард иргэдэд сонирхуулахын тулд  Түүх алдрын танхим байгуулан багийнхаа төвд нэг хэсэгтээ төвхнөж байсан. Гэвч багийн төвийн байр өөр зориулалтаар ашиглагдах болсноос хойш сүүлийн 6 жилд түүх алдрын  цуглуулгаа хүнд үзүүлж харуулж чадахгүй явсаар иржээ. Тэрээр  аймгийн Засаг даргад хүсэлт уламжилснаар  Түүх алдрын танхимыг үргэлжлүүлэн олны хүртээл болгохын тулд аймгийн төв номын санд ийнхүү  байршуулах шийдвэрийг Засаг дарга гаргасан байна.

Т. Отгонтуяа 

 

相关新闻