Монгол гэрт үйл ажиллагаа явуулахад иргэдээс санал авч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн нутагт аялал жуулчлал эрхлэх зорилгоор монгол гэрт үйл ажиллагаа явуулахад иргэдээс санал асуулга авч эхэллээ.
Гадаадын жуулчдыг монгол гэрт хүлээн авах зорилгоор гэрт үйл ажиллагаа явуулах журмыг батлуулахаар энэхүү санал асуулгыг явуулж байгаа аж.
Монгол гэрээр үйлчлүүлж ирсэн гадаадын жуулчдын санал хүсэлт, сэтгэгдэл, мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжид үндэслэн цаашид Монгол оронд айлчилж байгаа жуулчдын тав тухтай, аюулгүй аялж амрах, тэдэнд Монголчуудын талаар эерэг сэтгэгдэл үлдээх зорилгоор “Монгол гэр” ажиллуулах журам боловсруулсан байна. Энэхүү журмын гол зорилго нь Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт нутгийн иргэд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж, гадаад дотоодын аялагч жуулчдыг хүлээн авах, үйлчилгээ үзүүлэх “Монгол гэр” ажиллуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршиж байгаа юм.
Монгол гэр ажиллуулахад 14 шаардлага тавьж байгаа бөгөөд үүнд тухайн орон нутаг, багт оршин суудаг өрхөд ажиллуулах эрхийг олгох, нэг өрх 5-аас илүү гэр барихгүй байх, үйлчилгээ явуулах гэрийг өөрсдийн амьдардаг гэрээс 30-аас доошгүй метрийн зайд, гэр тус бүрийн хооронд галын аюулгүйн дүрмийн дагуу 5 метрээс доошгүй зайд нэг эгнээ, эсвэл тодорхой эмх журамтай байрлуулах, Монгол гэр ажиллуулж буй иргэд тэмээ болон мориор үйлчилгээ явуулах бол үндэсний уламжлалаар иж бүрэн тоноглосон, номхон тэмээ, мориор үйлчлэх, аялагч, жуулчдын аюулгүй ажиллагааг бүрэн хангаж “Аюулгүй ажиллагааны дүрэм”- ийг танилцуулсан байх гэх мэт нарийн зааж өгчээ. Энэхүү журмыг баталснаар өрхийн орлогыг дэмжсэн нэгэн чухал ажил болох юм.
Д.Мишигсүрэн