Мэдлэг, чадвартай удирдах ажилтан чухал гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-03-18 19:22:27
Yesukheitumur Tumurbaatar

Төв /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн бодлого шийдвэрийг зөв тодорхойлох, хэрэгжилтийг бодитоор хангуулахад хувь нэмэр болох зорилгоор Төв аймгийн Зуунмод сумын хурлын танхимд Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнуудын зөвлөлгөөн өчигдөр зохион байгууллаа.

Зөвлөлгөөнд Төв аймгийн 27 сумын Эрүүл мэндийн төвийн дарга нар болон аймгийн Эрүүл мэндийн газрын дарга, аймгийн Нэгдсэн эмнэлгийн удирдах албан тушаалтнууд нийлсэн 50 гаруй хүн оролцож төрөөс баталсан “Эрүүл мэндийн салбарт баримтлах бодлогын хэрэгжилт, үйл ажиллагаа”-ны талаар хэлэлцлээ. Энэхүү үзэл баримтлал, эрх зүйн орчны шинэчлэлийг хэрэгжүүлэхэд эрүүл мэндийн удирдах ажилтны мэдлэг, чадвар чухал учраас уг зөвлөлгөөнийг зохион байгуулсан талаар Эрүүл мэндийн газрын дарга С.Мөнхтуяа онцолсон юм.

Монгол Улсын хэмжээнд 2015 оны тоон мэдээллээр 3244 эрүүл мэндийн байгууллагад 871 удирдах ажилтан ажиллаж байна. Үүнийг байршил тусламж, үйлчилгээний шатлалаар авч үзвэл анхдагч шатлалд 51, хоёрдогч шатлалд 112, гуравдагч шатлалд 63, эрүүл мэндийн байгууллагад 645 удирдах ажилтан байгаа аж.

Аймгийн ЗДТГ-ын дэргэдэх Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг хэлэхдээ “өвчнөөс урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулаад зогсохгүй хамгийн гол нь санхүүжилтээс илүү сайн зохион байгуулалтанд анхаарах нь чухал” гэдгийг онцолж байсан юм. 

Т.Есүхэйтөмөр

相关新闻