Үйлчилгээ эрхлэгчдийн зан харилцааг сайжруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-03-18 12:56:53
Yesukheitumur Tumurbaatar

Төв /МОНЦАМЭ/. Иргэд худалдаа үйлчилгээ, эрхлэгчдийн зан, харилцааны талаар ихээхэн шүүмжилдэг бөгөөд энэ талын гомдол, санал тус байгууллагад их ирдэг гэж аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын улсын байцаагч С.Эрдэнэчимэг хэллээ.

Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “Хүнсний аюулгүй байдал” сарын аян зарлан “Андууд” захын хүнс худалдаалдаг хүмүүсийг оролцуулан аяны нээлтийг энэ сарын 15-нд зохион байгууллаа. Нээлтийн үйл ажиллагааны үеэр иргэдэд "хүнсний аюулгүй байдал"-ын талаар гарын авлага, зөвлөгөө зөвлөмжийг тараасан байна.

Хамгийн гол нь хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалж чанартай, аюулгүй хүнсээр хангахад анхаарах хэрэгтэйгээс гадна худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн зан харьцааны тал дээр анхаарч сайжруулах талаар сургалт, сурталчилгаа явуулна гэдгийг зохион байгуулагчдын зүгээс онцолсон юм.

Мөн Эрдэнэсант суманд хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч дэлгүүр, хоршоо болон ЕБСургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаанд хяналт тавьж, зөвлөгөө зөвлөмжийг өглөө.

Иргэд  хүнс сонгохдоо савлагаа, орц найрлага, хугацаа, өнгө, амт, үнэр, чанарыг сайтар анхаарч авах нь зүйтэй юм. Түүнчлэн хүсний аюулгүй байдлыг дээд зэргээр чухалчлах нь таны болоод ойр дотны хүмүүсийн эрүүл мэндийг хамгаалах чухал алхам болно гэдгийг аймгийн Мэргэжлийн хяналтын газраас анхааруулж байна.

Т.Есүхэйтөмөр

相关新闻