Lufthansa-д 2014 оноос хойш үргэлжилсэн цалин хөлсний маргаан эцэслэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
bars@montsame.mn
2017-03-16 17:38:42

БЕРЛИН./TASS/. Германы иргэний агаарын тээврийн Lufthansa компани болон нисгэгчдийн Cockpit үйлдвэрчний эвлэлийн хооронд 2014 оноос хойш үргэлжилж буй цалин хөлсний маргаан төгсгөл болжээ. Энэ маргааны улмаас нисгэгчид 15 удаа ажил хаяж байсан юм.

Тодруулбал, нисгэгчдийн цалинг 11,4 хувиар үе шаттай нэмэгдүүлэх, 1,8 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн урамшуулал олгохоор талууд тохиролцсон төдийгүй тэтгэвэр, нийгмийн халамжийн шинэ тогтолцооны талаар тохиролцоонд хүрчээ.

Одоо талууд цалин хөлсний тухай хэлэлцээрт нарийвчилсан зүйл заалтуудыг оруулахаар ярилцаж байгаа аж. Баримт бичгийг Lufthansa-гийн удирдах зөвлөл болон үйлдвэрчний эвлэлийн гишүүд баталснаар хүчинтэй болох юм.

2014 оны 4 дүгээр сараас хойш тус агаарын тээврийн компанид 15 удаа ажил хаялт болсон байна. Энэ бүх хугацаанд 10 мянга орчим нислэг цуцлагдаж, ажил хаялтын улмаас компанид учирсан санхүүгийн хохирол 300 сая еврогоор хэмжигдэж байгаа юм.  Нэг өдөр сул зогсоход Lufthansa-д 15 сая еврогийн хохирол учирдаг байна.

О.Барс

 


 

相关新闻