Орхон аймагт олон улсын бизнес форум эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-03-15 13:56:17
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Орхон аймгийн ЗДТГ, “Эрдэнэт үйлдвэр” ХХК хамтран зохион байгуулж буй “Олон улсын бизнес форум” Эрдэнэт хотод эхэллээ.

Энэхүү бизнес форумд УИХ-ын гишүүн О.Содбилэг, Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Засаг дарга Д.Батлут, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Канад улсын ЭСЯ-ны зөвлөх Даглас Динг Ман,  ОХУ-аас Эрдэнэт хотод суугаа Ерөнхий консул Ракшаев.Р.Р,  ОХУ-ын Буриад улсын Улан-Үдэ хотын захиргааны Тээвэр, үйлдвэр үйлчилгээний асуудал эрхэлсэн хорооны дарга Юрий Захаровыч Ткачёв, БНХАУ-ын Манжуур хотын захиргааны Худалдааны хэлтсийн орлогч дарга Жао Дан, Эрээн хотын худалдааг дэмжих хорооны орлогч дарга Шилийнбаатар, Ордос хотын худалдаа аж үйлдвэрийн холбооны орлогч дарга Рен Ли На тэргүүтэй гадаадын 70 шахам зочид төлөөлөгч оролцож байна. 

Бизнес форумын албан ёсны үйл ажиллагааг нээж Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут үг хэллээ.

Тэрээр хэлсэн үгэндээ "Энэхүү бизнес форумын гол ач холбогдол нь Орхон аймгийн гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бизнес эрхлэгчдээ дэмжих, гадаадын хөрөнгө оруулалтыг татахад чиглэгдэж байна. Хэдийгээр улс эх орны хэмжээнд эдийн засгийн нөхцөл байдал хүндрэлтэй байгаа ч Орхон аймагт “Эрдэнэт шинжлэх ухаан, технологийн парк”-ийн үйл ажиллагааг эхлүүлэн үйлдвэржилтийн бодлого хөтөлбөрийг үргэлжлүүлэхийн сацуу өрхийн үйлдвэржилтийг дэмжих хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж, ажлын байрны тоог нэмэгдүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх бодлого барин аймгийн Засаг даргын үйл ажиллагааны чиглэлд тусган ажиллаж байна. Цаашид гадаадын хөрөнгө оруулалтыг аймаг бүс нутгийн хэмжээнд татах, харилцан ашигтай, уялдаа холбоо бүхий бизнесийг өргөжүүлэн хөгжүүлэхэд энэхүү форумаас гарсан санал санаачилга чухал үүрэгтэй юм" хэмээн онцолж хэллээ.

Энэхүү олон улсын бизнес форумд хүрэлцэн ирж оролцож буй УИХ-ын гишүүн О.Содбилэг бизнес эрхлэгчид, гадаадын зочдод хандаж мэндчилгээ дэвшүүлэн форумын үйл ажиллагаанд амжилт хүслээ. Тэрээр, УИХ, Засгийн газрын зүгээс улс эх орны макро эдийн засгийн өсөлтийг сайжруулах талаар тодорхой шат дараатай арга хэмжээ авах бодлого барьж байгаа талаар танилцуулаад Орхон аймгийн Засаг даргын гаргасан санаачилгын дагуу аймгийн ЗДТГ, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас хамтран зохион байгуулж буй энэхүү форум нь цаг үеэ олсон ажил боллоо хэмээн дүгнэв.

Эрдэнэт хотноо үргэлжилж буй олон улсын “Бизнес форум”-ыг хамтран зохион байгуулж буй “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн мөн форумд оролцож үг хэллээ.

Тэрээр хэлсэн үгэндээ, Засгийн газрын зүгээс аймаг орон нутаг, бүс нутгийг хөгжүүлэх, үйлдвэрлэлийг нэмэгдүүлж иргэдээ ажлын байраар хангахад ихээхэн анхаарч байгаа. Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн зүгээс ч мөн Орхон аймгийн төдийгүй бүс нутгийн хөгжилд анхаарч, хамтран ажиллах болно. Цаашид “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн зүгээс Орхон аймагтайгаа нягт хамтын ажиллагаатай байж, бүс нутгийн хэмжээний хэд хэдэн уулзалт зөвлөлгөөнийг ойрын хугацаанд зохион байгуулах болно гэлээ.

Олон улсын бизнес форумын үйл ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд бүсчилсэн хөгжлийн бодлого, үйлдвэрлэл үйлчилгээг төрөөс дэмжих, бизнес эрхлэх эрх зүйн орчныг сайжруулах, эдийн засгийн шинэчлэл ба гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх гэх мэт өргөн хүрээтэй сэдвүүдээр ярилцаж байна.

Форумын дараа БНХАУ-ын Эрээн, Ордос, Манжуур хот болон ОХУ-ын Улан-Үдэ хотын төр захиргааны байгууллага, бизнес эрхлэгчид болон орон нутгийн аж ахуйн нэгж байгууллагын төлөөллийн салбарчилсан уулзалт болно.

 

Б.Оюун-Эрдэнэ

相关新闻