Нийслэлээс малын эмч нар ирж ажиллахаар боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odontungalag@montsame.mn
2017-03-13 15:33:58

Хэнтий /МОНЦАМЭ/. Зүүн гурван аймагт мал амьтны гоц халдварт өвчин гарсантай холбогдуулан хийгдэж буй вакцинжуулалт одоогоор Хэнтий аймгийн хэмжээнд 60-аад хувьтай буюу удаашралтай явагдаж байна.

“Энэ нь байгаль цаг уурын нөхцөл байдал, тарилга хийж байгаа хүн хүч, техникийн  дутагдлаас шалтгаалж байна” хэмээн албаны хүмүүс хэлж байгаа юм.

Улсын онцгой комиссоос томилогдсон  “Шуурхай бүлэг” Хэнтий аймагт ажиллах үеэрээ энэ асуудлыг газар дээр нь шийдэж, 10-15 малын эмчийг Улаанбаатар хотоос томилон ажиллуулахаар боллоо.

Мөн  вакцинжуулалтад хамрагдаагүй Өмнөдэлгэр суманд шаардлагатай байгаа 160 мянган тун вакциныг аймгуудын нөөцөд байгаа вакцинаас татаж шийдвэрлэхээр болсон юм.

Хэнтий аймаг малын гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэхэд одоогоор 64 сая төгрөгийн зардал гаргаад байна. Удахгүй болох Засгийн газрын хуралдаанд шүлхий өвчинтэй тэмцэх зардалд 280 гаруй сая төгрөгийг төсөвлөхөөр төлөвлөсөн бөгөөд үүний 30 гаруй сая төгрөгийг Хэнтий аймагт хуваарилах саналыг тавиад байгаа аж.  

Малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан Улсын Мал эмнэлэг, үржлийн газарт хүсэлт гаргасны дагуу шүлхийн вакцин 551,0 мянган тун, халдвар хамгааллын хувцас 100 ширхэг, Hi cop 50 кг-ийг тус тус хүлээн авч эрсдэл бүхий сумдад хуваарилан олгож байна. Мөн аймгийн онцгой комиссоос 1,0 тонн хлорын шохой, 4 ширхэг автомат автомакс, 150 ширхэг халдвар хамгааллын хувцас шийдвэрлэж өгсний дагуу бараа материалыг татан авч, Норовлин суманд 0,5 тонн, Баян-Овоо суманд 0,2 тонн, хувцас 50 ширхэг, Hi cop-20 кг, Батноров суманд 0,2 тонн, Hi cop-10 кг, хувцас 20 ширхэгийг тус тус олгожээ.

Д.Одонтунгалаг

相关新闻