Дорноговьчууд азарганыхаа түрүүг авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-03-13 09:37:27

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ЗДТГ, Сайншанд сумын ЗДТГ, “Хутагтын хурд” уяачдын  холбоо хамтарч “Хутагтын хурд” хаврын бүсийн  уралдааныг Сайншанд хотноо  зохион байгууллаа.

Энэ жил говь нутагт  цасгүй дулаахан сайхан өвөл болсон тул мал жилбэтэй,  өнгө зүс сайтай онд тарган тавтай орсон талаар уяачид ярив.

Гарааны зурхайгаас 116 хурдан азарга эргэхэд Алтанширээ сумын уяач М.Ууганбаярын сартай зээрд азарга магнайдаа тоосгүй түрүүлсэн бол аман хүзүүнд Зүүнбаян багийн уяач Б.Батнямын хүрэн хурдалж, Хэнтий аймгийн Баянхутаг сумын Н.Батжаргалын хонгор будан азарга айргийн гуравт, Иххэт сумын уяач Ю.Батмөнхийн хонгор азарга айргийн дөрөвт, Говьсүмбэр аймгийн уяач Г.Баярмагнайгийн сартай хүрэн азарга айргийн тавд тус тус хурдаллаа.

Гарааны зурхайгаас 134  хурдан их морь эргэхэд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын уяач  Х.Лутбаярын хар түрүүлсэн бол, Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын уяач Г.Ширчингийн хээр морь аман хүзүүдэж, Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын уяач У.Батжаргалын зээрд айргийн гуравт, Говьсүмбэр аймгийн Шивээ говь сумын уяач Х.Төмөрбаатарын хүрэн айргийн дөрөвт, Увс аймгийн Өндөрхангай сумын  С.Сандагдоржийн хээр морь  айргийн тавд тус тус хурдлав.

Хурдан соёолонгийн уралдаанд Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын уяач О.Мөнхбаатарын хээр соёолон түрүүлсэн бол аман хүзүүнд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын  уяач Д.Ганболдын сартай хонгор, Дорноговь аймгийн Иххэт сумын  Н.Батмөнхийн зээрд айргийн гуравт, Дундговь аймгийн Өндөршил сумын 166 дугаартай Ш.Дашжамцийн шарга айргийн дөрөвт, Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын уяач О.Батжаргалын хонгор айргийн тавд тус тус хурдлав.

Х.Эрдэнэбулган

 

相关新闻