1797 хүн хөнгөлөлт чөлөөлөлт эдэлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь /МОНЦАМЭ/. Энэ онд Дорноговь аймагт хувь хүний орлогын албан татварын хуулийн дагуу хөнгөлөлт чөлөөлөлт эдлэх 1797 хүний тоог тус аймгийн Татварын хэлтсээс гаргалаа.
Дээрх иргэд нийт 916.1 сая төгрөгийг буцааж авах юм. Харин 2014 онд 2090 иргэн нэг тэрбум 91 сая орчим төгрөг, 2015 онд 1882 иргэн нэг тэрбум, 38 сая төгрөгийг буцааж авч байжээ.
Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд тухайн хүн өөрийн орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр орон сууцны зориулалтаар анх удаа хувьдаа орон сууц барих, эсхүл худалдан авахад зарцуулсан 30.0 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлогыг чөлөөлнө гэж заасан байдаг аж.
Мөн тухайн иргэний төрсөн буюу үрчилсэн хүүхэд гадаад, дотоодын их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид элсэн суралцаж байгаа бол түүний сургалтад төлсөн, баримтаар нотлогдож байгаа төлбөрийн хэмжээгээр албан татварын хөнгөлөлт үзүүлдэг байна.
Х.Эрдэнэбулган