Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх найман пост ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн зарим суманд малын гоц халдварт шүлхий өвчин гарч өвчлөлийн байдал нэмэгдэх хандлагатай байгаа тул халдварыг өөрийн нутагтаа тархаахгүй байх талаар Дорноговь аймаг урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, хяналтын цэг байгуулж алба хаагчдыг ажиллуулж байна.
Одоогийн байдлаар Дэлгэрэх суманд хоёр, Мандах суманд нэг, Сайншанд сумын Зүүн баян багт хоёр, Өргөн суманд хоёр, Эрдэнэ суманд нэг буюу нийт найман хяналтын цэгт дөрвөн автомашин, дөрвөн мотоциклиор 15 хүн үүрэг гүйцэтгэж байгаа юм.
Мөн Дэлгэрэх, Өргөн, Эрдэнэ, Мандах суманд 275 кг хлорын шохой, 15 кг экоцид нийт 1.0 сая төгрөгийн ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодисыг хүргэжээ.
Албаныхан шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэхээр Өргөн суманд 209 өрхийн 5043 үхрийг 100 хувь тарилганд хамруулсан байна.
Х.Эрдэнэбулган