Ахмад настан ээжүүдийнхээ хөдөлмөр алдрыг хүндэтгэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь/МОНЦАМЭ/ Өндөршил сумынхан хамгийн өндөр настай иргэнээ Буянтай ээжээр өргөмжилж, олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах энэ өдөр хүндэтгэл үзүүллээ.
Насаараа мал дагаж хөдөлмөрлөсөн болон боловсролын байгууллагад олон жилийн хөдөлмөр зүтгэлээ зориулсан ахмад эмэгтэйчүүддээ хүндэтгэл үзүүлж “Тэнгэрлэг сайхан ээжүүд” өдөрлөгийг тус сумын Соёлын төв өнөөдөр зохион байгуулсан нь энэ юм. “Ээжүүддээ хүндэтгэл илэрхийлдэг энэ өдрийг хамтдаа өнгөрүүлж, сум орон нутагтаа ажил амьдралынхаа зам мөрийг үлдээн, үр хүүхэд, хойч үедээ нөмөр нөөлөг болж яваа ээжүүдийнхээ ажил амжилтын түүхийг эргэн сөхөж, алдаршуулах нь өдөрлөгийн зорилго байсан” гэж Соёлын төвийн эрхлэгч Т. Мөнхцэцэг хэллээ.
Тус сум 1500 шахам хүн амтай. Үүний 51 хувь нь эмэгтэйчүүд байдаг бөгөөд сумын хамгийн өндөр настай иргэн нь 89 настай Б. Даваа, Ж. Дашдаваа, 88 настай Д.Цэрэнбалам нар юм. Тэд өнөөдрийн өдөрлөгийн хүндэт зочид байж, Б. Даваа гуай “Буянтай ээж”, Д. Цэрэнбалам гуай “Бүтээлч ээж”, Ж. Дашдаваа гуай “Элбэрэлт ээж”- ийн хүндэт өргөмжлөлийг хүлээн авчээ. Сумынхаа өндөр настан ээжүүд бага залуугаасаа мал аж ахуйн хөдөлмөр эрхлэж, сум нэгдлийнхээ мэнд сүрэгтэн, энх сүрэгтэн, нэгдлийн тэргүүний ажилтан болж явсан сайн малчид байна. Д. Цэрэнбалам гуайн хувьд Ардын их хурлын депутатаар сонгогдож явсан, Монгол Улсын аварга малчин цол өргөмжлөлийн эзэн ажээ.
Мөн энэ өдөрлөгөөр 50- 60 жил мал маллаж, сум нэгдлийнхээ удаа дараагийн мэнд сүрэгтэн болж хөдөлмөрлөж явсан Д. Маамд “Асралт ээж”, Ц. Ишгэнд “Жаргалант ээж”, сум нэгдлийн галч, зарлагаар олон жил ажилласан Н. Александрт “Ачлалт ээж”, боловсролын салбарт 30 гаруй жил ажилласан ахмад багш А. Энэбишт “Оюунлаг ээж”, сумын холбоочин, номын санч, хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллахын зэрэгцээ өөрийн авъяасаар улс, бүс, аймгийн урлагийн уралдаан наадамд олон удаагийн амжилт үзүүлсэн Л. Сарангэрэлд “Авъяаслаг ээж” өргөмжлөлийг тус тус хүндэтгэн гардуулсан байна. Өдөрлөгт 60- 89 настай 8 ээж уригджээ.
Өдөрлөгийн үеэр сумын Засаг дарга Л. Мөнхбадрах хэлсэн үгэндээ, “Та нар маань нутаг орныхоо, ард иргэдийнхээ, үр хүүхэд, ач зээ нарынхаа бахархал, амьдралын ухааны алтан судрууд юм” хэмээн онцлоод ахмад ээжүүдэд эрүүл энх, урт удаан насыг ерөөв.
Т. Отгонтуяа