69 жилийн тэртээ Дундговь аймгийн анхны сонин хэвлэгдэж байв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь/МОНЦАМЭ/ Дундговь аймгийн анхны сонин “Чойбалсанч” нэртэйгээр аймаг байгуулагдсанаас хойш зургаан жилийн дараа буюу 1948 оны 5 дугаар сарын 1- ны өдөр хэвлэгдэж байжээ.
1913 оны гуравдугаар сарын 6- ны өдөр нийслэл хүрээнээ "Шинэ толь" хэмээх анхны сонин бичиг хэвлэгдсэнээр Монгол Улсад үндэсний сэтгүүл зүйн түүхийн хуудас эргэж, өдгөө 104 жилийн ойтой золгоод байгаатай нэгэн адилаар Дундговь аймагт сэтгүүл зүйн үндэс тавигдаад 69 жил болж байгаа юм.
Тухайн үед Дундговь аймгийн сонинг Хөдөлмөрчдийн депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргаанаас эрхлэн гаргадаг байсан. Майн баярын өдөр анхны дугаар нь хэвлэгдэн гарснаас хойш уг сонин ард олонд чиглэсэн суртал ухуулгын ажилд ихээхэн хувь нэмэр оруулжээ.
“Чойбалсанч” сонины анхны эрхлэгч Э. Готов хэмээх хүн ажиллаж байсан бөгөөд редакци гурван сурвалжлагчтай, гурав хоног тутамд сониноо хэвлэн уншигчдад хүргэдэг байжээ. Тус сонины үйлдвэр өнөө хэр нь үсэг өрж хэвлэдэг хэвээр үйл ажиллагаагаа огтхон ч зогсоолгүй ажилласаар байдаг. Үүн шиг хэвлэх үйлдвэр тухайн үед аймаг бүрт байгуулж байсан гэдэг. Харин Дундговь аймгийн үйлдвэрийн хувьд цор ганцаар үлдээд байгаа нь сонирхол татдаг билээ.
“Чойбалсанч” сонин 1960 онд “Улаан туг” нэртэй болж, Х.Зандраабайдий, С. Дашдооров, нарын Монголын утга уран зохиол, сэтгүүл зүйн салбарт бүтээл туурвилаараа алдаршсан зохиолчид тус сониноос ажлынхаа гарааг эхэлж байжээ. Үе үедээ ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж байсан олон зохиолч, сэтгүүлчийн намтар “Улаан туг” сонинтой холбоотой.
“Улаан туг сонин” ардчиллын салхи сэвэлзэж эхэлсний дараахнаас буюу 1991 оноос эхлэн “Хотол чуулган” нэртэй болсон бөгөөд 1992 онд сэтгүүлч С. Пүрэвсүрэн тус сонины хавсралт чөлөөт нүүрийг эрхлэн гаргадаг болж, улмаар 1998 онд Дундговь аймгийн анхны чөлөөт хэвлэл “Хадаг” сонинг үүсгэн байгуулсан байна.
Хоёр дахь чөлөөт хэвлэл болох “Говийн амьдрал” сонинг 2005 оны долдугаар сард сэтгүүлч Т. Отгонтуяа, Б. Аасүрэн нар үүсгэн эрхлэн гаргасан бол 2008 оноос уг сониныг үргэлжлүүлэн сэтгүүлч А. Лхагваа эрхлэн гаргаж байв. Мөн 2006 оны нэгдүгээр сараас боловсрол, танин мэдэхүйн “Өглөө” сонинг Ч. Түмэннаст эрхлэн гаргаж байсан зэргээр Дундговь аймгийн сонин хэвлэлийн түүх бичигдэнэ.
Өнөөдөр тус аймгийн уншигчдад “Дундговийн амьдрал” сонин хүрч байна. Уг сонинг 2012 оноос эхлэн сэтгүүлч С. Пүрэвсүрэн орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ байгууллагатай хамтран эрхлэн гаргаж байна.
Т. Отгонтуяа