Цонжийн чулуу бол байгалийн нэгэн гайхамшиг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-03-07 12:24:00

Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймагт байгалийн болон түүхийн гайхамшиг болсон газрууд олон. Дэлгэрэх сумын төвөөс зүүн хойш 55  км-т орших Цонж толгой нь зургаан талт босоо гонзгой хэлбэртэй, бие биедээ наалдан ургасан зургаан талт  харандаа мэт сонин сайхан тогтоцтой цэнхэр чулуу байгаль эхийн уран чамин урлал болой.

Эрт  үед  энэ чулуунаас ухаж авч байсан ул мөр бий аж. Ухсан  хэсэг нь гурваас дөрвөн метр гүнзгий жигд хэмжээтэй, нарийхан, урт шулуун чулууны багц бөгөөд дээрээс нь харахад зүсмэл чулуун шал мэт аж.

Хүний гараар бүтээсэн гэмээр  зургаан талт баганууд бүхий хүрмэн хөх чулуун байц хаданд ямаан сүрэг бэлчиж харагдах нь зуны дэлгэр цагт ихээхэн гоёмсог харагддаг.

Байгалийн зүй тогтлын үрээр асар их даралтад орж ийм багана үүсч талсжсан бөгөөд өндөр нь зургаагаас долоон метр, өргөн нь 15-20 см хөх хүрмэн чулуу юм. Нутгийнхан үүнийг Цонжийн чулуу  гэдэг.

Энэ газар нутгийн иргэд хийгээд аялагч, жуулчдын сонирхлыг ихээхэн татдаг байна. Энэ өмөрмөц уулыг аймгийн байгалийн нөөц газрын тусгай хамгаалалтад 1988 онд 18,0 га талбайтайгаар бүртгэн авсан бол тус аймгийн ИТХ-ын 2010 оны12 дугаар сарын 15-нд аймгийн байгалын есөн гайхамшгийн нэгээр баталжээ.

Х.Эрдэнэбулган

相关新闻