Э.Содномпилжээ жин өгссөн ч амжилтаа улам ахиулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-03-06 17:05:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Пауэрлифтингийн Дэлхийн цомын АШТ- ээс аваргын алтан медаль хүртсэн гавьяат тамирчин Э.Содномпилжээ өнөөдөр СТО-д /2017.03.06/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

АНЭУ-ын Дубай хотноо болсон чансаа өндөртэй тус тэмцээнд 35 орны 300 гаруй параспортын тамирчид оролцлоо. Гавьяат тамирчин Э.Содномпилжээгийн хувьд Рио-гоос хойш оролцож буй анхны олон улсын тэмцээн бөгөөд энэ удаа жин өгсөн 97 кг-д өрсөлдөж, 220 кг-ыг шахан аваргын алтан медалийг хүртэв. Энэтхэгийн тамирчин 200 кг-ыг өргөжээ мөнгөн медалийн эзэн болов. Түүний жинд 12 орны 16 тамирчин өрсөлдсөн юм. Манай тамирчин өмнө нь ДЦАШТ-ээс хошой мөнгөн медаль хүртсэн бөгөөд жин өгссөн ч хүчтэй өрсөлдөгч гэдгээ батлан харууллаа.

Тэрбээр “Рио 2016” паралимпид 88 кг-д өрсөлдөхдөө 210 кг-ыг шахаж, хүрэл медаль хүртсэн. Түүний дасгалжуулагчаар ОУХМ Ш.Энхсайхан ажилладаг. Харин энэ удаа ганцаараа АНЭУ-ыг зорьсон юм. Энэ удаагийн замын зардлыг Монголын пауэлифтингийн холбооноос гаргажээ. Тэрбээр “Өнгөрсөн оноос хойш жин өгсөж, бэлтгэлээ хийсэн. Багшийнхаа зөвлөгөөгөөр бэлтгэлээ сайн хийж байсны үр дүнгээр аварга боллоо. Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбоо, Банк, санхүүгийн нэгдэл, “Сүлд” спорт хороо, Шүүхийн шийдвэрийн 439-р анги, “Монгол шуудан” компани болон байнга дэмжиж байдаг та бүхэндээ талархаж байна. Олны дэмжлэгээр амжилтаа ахиулсандаа баяртай байна” гэв.

Пауэрлифтингийн дараагийн Дэлхийн цомын тэмцээн ирэх тавдугаар сард Унгарт болно. Мөн энэ оны гол тэмцээн ДАШТ ирэх наймдугаар сард Мексик улсад болох юм. Тус тэмцээнд манай тамирчин амжилттай оролцохоо амалсан.

Түүний багш Ш.Энхсайхан “Энэ онд олон тэмцээн бий. Энэ удаа Дэлхийн цомын аваргын алтан медалийг эх орондоо авчирлаа. Жин өгссөн ч бид улам сайн хичээж  ДАШТ, “Токио 2020” паралимпийн наадамд төрийнхөө далбааг мандуулах зорилготой. Энэ бол бид хоёрын хүсэл тэмүүлэл юм.” гэв.

Д.Өлзий

相关新闻