Биткоины ханш анх удаагаа унц алтны үнээс давлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
bars@montsame.mn
2017-03-06 13:03:26

ЛОНДОН. /BBC/. Цахим мөнгө /криптовалют/ болох биткоины ханш дэлхийн зах зээл дээр анх удаагаа нэг унц алтны үнээс давжээ. Кракены цахим биржийн пүрэв гарагийн арилжааны хаалтын ханшаар биткоин 1268 ам.долларын үнэтэй байсан бол нэг трой унц алт 1233 ам.доллар байжээ.

Хэдийгээр Хятадын эрх баригчид биткоиныг тус улсаас мөнгө гадагш нь гаргах суваг болгон ашиглах хэрэгсэл болгож магадгүй гэж болгоомжлон биткоины хэрэглээнд хязгаарлалт тавьж байгаа боловч тус улсад цахим мөнгөний эрэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор биткоины ханш өссөн гэж эдийн засагчид үзэж байгаа юм.

Сүүлийн үед хөрөнгө оруулагчид биткоиныг эрсдэлгүй актив болгон  ашиглаж, хувьцааны ханш унах үед их хэмжээгээр худалдан авах болсон байна.

2009 онд анх гарснаасаа хойш биткоины ханш олон удаа өөрчлөгдөж байсан бөгөөд 2014 онд ханш нь эрс унаж байжээ. Биткоин нь гуравдагч талын оролцоогүйгээр бүх хэлцлүүд нь хийгддэг тоон жетоны систем юм. Системийн аюулгүй байдлыг хангахын тулд тусгай шифрлэгдсэн нууц бичвэрийн /криптограф/ аргыг хэрэглэдэг байна.

Биткоин нь блокчейны цахим өгөгдлийн баазад бичлэг хэлбэрээр байрладаг ба түүнд шифрлэгдээгүй хэлбэрээр бүх гүйлгээ нь илгээгч болон хүлээн авагчийн биткоин хаягтай хамт хадгалагддаг, гэхдээ эдгээр хаягийн эзэмшигчдийн талаарх мэдээлэл байдаггүй ажээ.

Системийн хэрэглэгчид “биткоин хаягтай” байдаг ба уг хаягаараа энэ цахим валютаа хүлээн авах, ашиглах боломжтой байдаг. Дээрх хаягууд нь интернет-түрийвчинд хадгалагдаж, банкны данстай адил ашиглагддаг байна.

О.Барс

 

相关新闻