Ард түмний сонголтыг хүчээр булаан авч байна гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-03-06 12:36:07

АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай, нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл нар өнөөдөр цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийв.

АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай мэдээллийн эхэнд, "Баянзүрх дүүргийн ИТХ-ын 41 суудлын 22-ыг АН, 19 суудлыг нь МАН сонгуулийн үр дүнд авсан. Харамсалтай нь эрх баригчид хагас жилийн хугацаанд энэхүү үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй хойшлуулан, 60, 64 гэсэн хоёр тогтоол гаргасан ч түүнийг нь гурван шатны захиргааны шүүхээс хүчингүй гэж үзсэн. Гэтэл дахин 11, 12 гэсэн хоёр тогтоол гарган нийслэлийн Засаг дарга С.Батболд тус дүүргийн Засаг даргыг томилсон.

Мөн Баянзүрх дүүрэгт болсон үйл явдалд цагдаагийн байгууллага эрх баригчдын гар хөл болж оролцсон тул Цагдаагийн газрын дарга, Ерөнхий Прокуророос тайлбар шаардах болно. Энэхүү асуудал нь өнгөц харахад ганц дүүргийн асуудал юм шиг боловч ардчилсан Үндсэн хуулинд халдсан, иргэдийн сонгох сонгогдох эрхэд халдсан мөн хууль дээдлэх зарчмыг алдагдуулсан үйл явдал боллоо хэмээн харж байна.

Мөн өчигдөр Төв аймгийн нутаг дэвсгэрт “Дүнжингарав” өвлийн уралдаан боллоо. Манай улс нь бүх төрлийн хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийг үл хүлээн зөвшөөрөх НҮБ-ын конвенцид нэгдсэн. Нөгөөтэйгүүр шүүхээс тус уралдааныг түр түдгэлзүүлсэн байхад эл уралдааныг зохион байгууллаа. Ардчилсан хувьсгалаар бид уламжлалаа сэргээсэн. Гэхдээ уламжлалаар түрий барьж эл уралдааныг зохион байгуулж болохгүй. Хэрэв уралдаантай холбоотой ямар нэг асуудал үүсвэл Монголын Морин спорт уяачдын холбооны тэргүүн М.Энхболд хариуцлагыг хүлээх ёстой” гэлээ.

Үүний дараа нийслэлийн АН-ын дарга Бат-Үүл хэлэхдээ, “Баянзүрх дүүрэгт болж байгаа шиг үйл явдал орон даяар болж байна. Ард түмний сонголтоор бий болсон засгийн эрх мэдлийг хүч түрэн булаан авч байна. АН  өнгөрсөн сонгуулиар 104 суманд ялалт байгуулсан. Одоо болтол 74 сумын Засаг даргыг батламжлаагүй байна. Завхан аймагт АН ялалт байгуулж, Засаг даргыг томилсон. Сүхбаатар аймгийн Засаг даргыг хүчээр батламжлах гэж байна. Өнөөдөр эрх баригчид засаглах эрх мэдэл гэлтгүй шүүхийн эрх мэдэл рүү халдаж байна. Засаг захиргааны эрх мэдлийг хууль бусаар булааж авч байгаа үйлдэлд нь цагдаагийн байгууллага дэмжлэг үзүүлж байна. Тиймээс энэхүү үйл ажиллагааг бүх шатны хууль хяналтын байгууллагаар шалгуулна” гэв.

Нийслэлийн АН-ын дарга Бат-Үүл Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх асуудлаар жичдээ хэвлэлийн бага хурал хийж, мэдээллийг хэвлэлийнхэнд өгнө гэдгээ хэллээ.

Б.Туул

Гэрэл зургийг Т.Чимгээ

相关新闻