Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа.
Монгол Улсын нэгдсэн төсвийн
2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай
хуулийн төслийг боловсруулахдаа нэг тонн нүүрсний үнийг 2025, 2026 онд 80
ам.доллар, 2027, 2028 онд 77 ам.доллар байхаар тооцож, макро эдийн засгийн үзүүлэлтүүдийн
тооцоо, төсөөлөлд ашигласан. Гэвч Улсын Их Хуралд өргөн мэдүүлснээс хойш
зарлагдсан статистик мэдээллээр 2025 оны эхний 5 сарын байдлаар өмнөх оны мөн
үетэй харьцуулахад нүүрсний экспортын үнэ 39 хувиар, нийт экспорт 15 хувиар,
төсвийн нийт орлого 11 хувиар тус тус буурсан бөгөөд эдийн засгийн өсөлт 2025
оны эхний улиралд 2.4 хувь болж саарчээ. Дунд хугацааны төсвийн хүрээний
мэдэгдэлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын доод хэмжээ болон нийт
зарлагын хэмжээг бууруулах өөрчлөлт орсонтой холбогдуулан жилийн төсөв болон
төсвийн тодотголын төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, батлах нөхцөлийг
бүрдүүлэх зорилгоор энэхүү төслийг боловсруулжээ.