Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдааны эхэнд Засгийн газраас 2025 оны есдүгээр сарын 1-нд өргөн мэдүүлсэн, Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв.
Чуулганы 2025 оны есдүгээр сарын 15,17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн талаарх Ерөнхий сайдын танилцуулга, энэ талаарх Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан тул энэ өдрийн хэлэлцүүлэг гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлснээр үргэлжилсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал төсвийн хүрээний мэдэгдлийг хангах хүрээнд улс орны нийгэм, эдийн засгийг сайжруулах томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж, ашиглалтыг нь нэмэгдүүлэхэд анхаарах шаардлагатай гэлээ. Тэрбээр, Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны нэгдүгээр улиралд багтаан ашиглалтад оруулахаар зорьсон. Энэ төслийг хэрэгжүүлэхээр авсан 1.7 тэрбум ам.долларын зээлийн ашиглалт 30 хувьтай байгаа. Ирэх онд зээлийн ашиглалтыг нэмэгдүүлж үйлдвэрээ төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад оруулна гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Ирээдүйд улсын хөгжлийг дэмжих, төсвийн орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээнүүд рүү эх үүсвэрүүдээ дайчлан, богино хугацаанд үр дүнд хүргэхэд анхаарах хэрэгтэй хэмээгээд энэ агуулгаар төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг хэлэлцэж, дэмжих нь зүйтэй гэв.
Мөн УИХ-ын гишүүн П.Батчимэг ирэх таван жилийн Монгол Улсын
хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцэж батлаагүй байж, дунд хугацааны төсвийн хүрээний
мэдэгдэл, төсвийн орлого, зарлагыг хэлэлцэх нь зарчмын хувьд буруу гэсэн байр
суурийг илэрхийлсэн. Харин УИХ-ын гишүүн Б.Түвшин төсвийн хүрээний мэдэгдэл нь
ирэх гурван жилийн эдийн засгийн төлөв байдалтай холбоотой тул хэлэлцүүлгийг
мэргэжлийн түвшинд явуулах шаардлагатай байна. Учир нь төсвийн хүрээн дэх есөн
үзүүлэлтийг жил бүр өөрчлөөд, төсвийн төслөө дагуулан хэлэлцэхээр тодорхой
чиглэл, баримжаа алдагдаад байна. Энэ нь эргээд төсвийн бүтээмжгүй байдлыг
үүсгэж байгааг анхаарах нь зүйтэй гэсэн санал хэллээ.
УИХ-ын гишүүд ийнхүү үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын бүх Байнгын хороодод шилжүүлэв.
Дараа нь Засгийн газраас 2025 оны есдүгээр сарын 1-нд өргөн мэдүүлсэн, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. УИХ-ын 2025 оны есдүгээр сарын 15-ны өдрийн нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд хуулийн төслүүдийн талаар танилцуулж, төслийн талаарх Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлт, Үндэсний аудитын газрын дүгнэлтийг холбогдох албан тушаалтнууд танилцуулсан юм. Дээрх танилцуулга, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Номинчимэг, 2022 онд прокурорын байгууллагын нийт төсөв 60 тэрбум төгрөг байсан бол 4 жилийн дараа 144 тэрбум төгрөг болж, хоёр дахин нэмэгдсэн байгааг дурдаад, үүнийг прокуроруудыг чадавхжуулах, сургалт судалгаа хийх, Монгол Улсад шударга ёсыг тогтооход зарцуулж буй эсэхийг тодруулсан.
Харин УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, нэгдсэн төсвийн
тэнцвэржүүлсэн орлого эхний долоон сарын байдлаар 1.2 их наядаар тасарсан,
улмаар оны эцэст 2.0 их наяд төгрөгөөр тасрах магадлалтай, улмаар төсвийн
зарлага 1.6 их наяд төгрөгөөр хэтрээд буйг дурдаад, ирэх онд орлого орлох,
ханшид нөлөөлөх бүх асуудлаа тодорхой шийдэхгүй бол асуудал үүснэ хэмээн
анхааруулав. Мөн гишүүд Эрүүл мэндийн даатгалын сангийн өр төлбөрийн асуудлыг
шийдэж, үйл ажиллагааг нь хэвийн болгох, эрүүл мэнд, боловсролын салбарын
хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, багшийн цалин урамшуулыг нэмэх, боловсон хүчний
хомсдлыг шийдвэрлэх, төрийн албан хаагчийн нэг удаагийн тэтгэмжийг он дамжуулан
олгох асуудлын талаар илүүтэй тодруулав.
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Эрүүл мэндийн даатгалын өрийн асуудал ноцтой байдалд хүрсэн, тусламж, үйлчилгээ жигд хүртээмжтэй байж чадахгүй байна. Энэ асуудлыг өчигдөр Засгийн газрын хуралдаанд танилцуулсан хэмээгээд, эрүүл мэндийн даатгалын өр үүсгээд, түүнийг нь Засгийн газар төлдөг буруу хандлагыг тогтоож болохгүй гэв. Эрүүл мэндийн даатгалын мөнгийг зөв зарцуулахад сэтгэл дутаад байна гэж салбарын сайд дүгнэлээ. Боловсролын сайд Н.Наранбаатар, Багшийн мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудыг хөдөлмөрийн зах зээл рүү шилжүүлэх нь чухал асуудал болоод байна. Нийт төгсөгчдийн 30 орчим хувь нь л мэргэжлээрээ ажиллаж байгаа тул багшийн үндсэн цалинг нэмэх нь зөв шийдэл гэдэгтэй санал нэг байгаагаа дурдлаа. Түүнчлэн салбарын сайд багшийн хомсдолыг урт, богино хугацаанд шийдвэрлэхээр төлөвлөсөн зургаан багц арга хэмжээг танилцуулсан. Тухайлбал, сургалтын цагийн нормдоо хүрэхгүй байгаа багшийг шилжүүлэн ажиллуулах, тэтгэвэртээ гарсан багш, төгсөх дамжаандаа амжилттай суралцаж буй оюутнуудаас ажиллуулах, баклаврын зэрэгтэй салбарын боловсон хүчнийг багшлах богино хугацааны сургалтад хамруулж байна. Одоогоор 150 орчим хүн бэлтгэгдээд цагийн багшаар ажиллаж байна гэлээ.
Сангийн сайд Б.Жавхлан төрийн албан хаагчдын 36 сарын нэг
удаагийн тэтгэмж олгох асуудлаар өмнө нь ийм зохицуулалт хийж байсныг дурдав.
Тэрбээр, ирэх жил тэтгэвэрт гарах хүмүүс тэтгэмжийнхээ тал мөнгөө аваад,
үлдэгдлийг нь он гараад авч болно. Эсвэл тэтгэвэрт гарах хүмүүсээ үргэлжлүүлэн
ажиллуулж, 2027 он руу шилжүүлэх, бүр төсвийн ерөнхийлөн захирагчид хэмнэлтийг
төсөв дотроо зохицуулалт хийгээд тэтгэмжид шилжүүлэх зэрэг олон хувилбараар
шийдэх боломж байгаа. Энэ асуудлаас айхтар хохирол гарахгүй
гэдгийг албан ёсоор хариуцлагатай хэлье хэмээв.
Гишүүд ирэх оны төсвийн төсөлд улсын төсвийн хөрөнгө
оруулалтын 35 хувь нь авто зам, 18 хувь нь боловсрол, 14 хувь нь эрчим
хүч, 8.0 хувийг эрүүл мэндийн салбарт, үүн дээр гадаадын зээл, тусламжийг
тооцвол 20 хувь нь зам, 17 хувь нь боловсрол, 14 хувь нь эрчим хүч, 21 хувийг
эрүүл мэндийн салбарт зарцуулахаар тусгагдсан буйг шүүмжлэв. Татвар төлөгчдийн
мөнгийг эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд гэсэн гурван салбарт буюу хүний
хөгжлөө дэмжих чиглэлд хэзээнээс зарцуулдаг болох талаар тайлбар хүслээ.
Ерөнхий сайд Г.Занданшатар хариултдаа, Ер нь төсвийн төслийн
ерөнхий агуулгаар нь харвал эрүүл мэндийн салбарт зарцуулж байгаа хөрөнгө 5.5,
боловсролын салбарын төсөв хоёр дахин нэмэгдсэн. 1.2 их наяд төгрөг байсныг 2.4
их наяд төгрөгөөр нэмэгдүүлж сургууль, цэцэрлэг барих, цаашлаад 2028 онд
ерөнхий боловсролын сургуулийг хоёр ээлжинд шилжүүлэх зорилт дэвшүүлэх зэргээр
цогц өөрчлөлтүүдийг хийнэ гэдгээ онцлов. Тэрбээр хөрөнгө оруулалтаар шинэ зам
барихгүй, өнгөрсөн жил эхлүүлсэн замуудыг барихад үргэлжлүүлэх шаардлагатай
байна гэлээ. Сангийн сайд Б.Жавхлан, хөрөнгө оруулалтын бүтцэд эрчим хүч,
автозамыг эхэнд эрэмбэлэх нь хамгийн зөв. Үүнийг хийхгүйгээр нэг ч эмнэлэг, нэг
ч сургууль барьж чадахгүй. Тийм учраас хөгжлийн түүчээлэгч нь дэд бүтэц гэсэн
онош тавигдаад сүүлийн таван жил эдгээр салбарт анхаарсан. Ойрын 5-10 жил ч энэ
бүтэц өөрчлөгдөхгүй болов уу. Эрчим хүчний эх үүсвэрүүд нэмэгдэж, автозамууд
баригдсанаар баялаг бүтээгчид, хувийн хэвшлийнхний хөрөнгө оруулалт нэмэгдэнэ.
Ингэж л эдийн засгийн төвлөрөл саарна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас
мэдээлэв.