Онц хүнд гэмт хэргүүдийг эцэслэн шийдэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДДорнод /МОНЦАМЭ/. Хүний амь насыг санаатайгаар бүрэлгэсэн, хүчингийн хэрэг үйлдсэн, бусдын эд хөрөнгийг онц их хэмжээгээр хулгайлсан зэрэг онц хүнд гэмт хэргийн ангилалд багтах зургаан хэргийг Дорнод аймаг дахь Сум дундын шүүх эцэслэн шийдвэрлэлээ.
Тодруулбал, иргэн Б нь ялтай байх хугацаандаа бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлсан хэрэгт 10 жилийн ял оноож, ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, иргэн Э Дорнод аймгийн Баяндун сумын Цагаан чулуутын адаг хэмээх газарт оршин суух Б-гийн бага насны хүүхдийг хүч хэрэглэн хүчиндэхийг завдсан хэрэгт 4.6 жилийн ял төлөвлөж, жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Мөн Б согтуугаар Дорнод аймгийн нутагт иргэн А-г хутгалж, амь насыг нь хөнөөсөн хэрэгт 14 жилийн ялыг чанга дэглэмтэй хорих ангид, О хүн амины хэрэгтэйгээр ял шийтгүүлж байх хугацаандаа согтуугаар, давтан үйлдлээр Дорнод аймгийн Матад сумын Зүүн тосон хэмээх газарт иргэн Т-г өс хонзонгийн сэдэлтэйгээр, онц хэрцгийгээр амь насыг нь бүрэлгэсэн хэрэгт 22 жилийн ял оноож, онцгой дэглэмтэй хорих ангид, түүнчлэн О-нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ талийгаач Б-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, толгойн тус газарт нь хүнд гэмтэл учруулан амь насыг нь хөнөөсөн хэрэгт 6.8 жилийн ял оногдуулж, жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тогтлоо. Б нь насанд хүрээгүй Э, Н нарыг биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан хүчиндсэний улмаас иргэн Н нь жирэмсэлж, үр хөндүүлэн хохирсон хэрэгт 15 жилийн ял оногдуулж, чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Одоогоор тус аймгийн хэмжээнд үйлдэгдсэн, онц хүнд ангиллын эрүүгийн таван хэргийг анхан болон давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэж байна гэж Сум дундын шүүхээс мэдээлэв.
Б.Туяа