Согтуугаар автомашин жолоодсон 26 зөрчлийг илрүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДДорнод /МОНЦАМЭ/. Шинийн нэгнээс гуравны хооронд Дорнод аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 26 зөрчлийг илрүүлжээ. Түүнчлэн зам тээврийн осол, хэргийн шинжтэй 20 гаруй гомдол мэдээлэл бүртгэгдсэн байна.
Аймгийн төв гэлтгүй хот хоорондын замд ч хэд хэдэн осол аваар гарчээ. Холын замд зорчиж явахдаа хурд хэтрүүлэх, хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, шөнийн цагаар гэрэл шилжүүлэхгүй зорчих, гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу хийх, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүйгээс эвдэрч саатах, замын хажуу руу орох, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолооны ард суух зэрэг зөрчил осол аваарын шалтгаан болж байна гэж Замын цагдаагийн тасгаас анхааруулж байна.
Сар шинэ хуучирсан ч гэлээ орон нутгаас нийслэл хотыг зорих иргэдийн хөл тасрахгүй байгаа юм. Иймд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, дүрмээ баримтлан холын замд зорчихыг сэрэмжлүүллээ.
Б.Туяа