Завханы найман сумд 322 тн өвсийг үнэгүй олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-03-02 22:05:41

Завхан /МОНЦАМЭ/. Завханы хойд бүсийн сумдад МУ-ын ЗГ-ын гишүүн, шадар сайд, Улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүхээр ахлуулсан шуурхай бүлэг ажиллаж өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа.

Завхан аймгийн хэмжээнд 2016-2017 оны өвөл хаврын улиралд 24 сумын 115 багийн 8,3 мянган малчин өрхөд 3,4 сая мал, хонин толгойд шилжүүлснээр 5,3 сая мал өвөлжиж байна. Одоогоор 9 сумын 23 багийн 2308 малчин өрхийн 5710 хүн, 506.7 мянган толгой мал цагаан зудын байдалд байна. 5500 гаруй малын зүй бус хорогдол гараад буй юм.  Завханы хойд чиглэлийн сумдын хувьд өвөлдөө цас их ордог, улсын болон орон нутгийн чанартай зам даваа хаагддаг, жил бүр өвөлжилт хүнд болдог сумд юм. Хойд бүсийн сумдад ажиллах үеэрээ шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг найман сумд ОУ-ын байгууллагуудын тусламж болон, 322 тн өвсийг үнэгүй, 200 орчим тн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр нэмж олголоо. Дашрамд Завхан аймгийн хувьд Орон нутгийн хөгжлийн сангаас 111.1 сая төгрөг зарцуулж аймгийн аюулгүйн нөөцөд 224 тн өвс, 80 тн тэжээл бэлтгэж МУ-ын ЗГ-ын тогтоолын биелэлтийг 100 хувь хангажээ. Мөн аймгийн Засаг даргын нөөц сангаас  8.2 сая төгрөг зарцуулж нийт 2210 км замыг далпуу татаж малчдад өвс тэжээл хүргэх, төрийн үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлсэн байна. Аймгийн хэмжээнд усан хангамж дутагдалтай байгаа сумдад 19 ширхэг худгийн насос, мотор авахад 26.8 сая төгрөг шийдвэрлэн худгийн үйл ажиллагааг жигдрүүлсэн байна.

Өвөлжилтийн нөхцөл байдлын талаарх мэдээллийн сантай болох үүрэг өгөв

Энэ жил өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан МУ-ын Засгийн газраас Завхан аймагт олон асуудлыг газар дээр нь шийдвэрлээд буй юм.

Тухайлбал хаагдсан зам давааг онгойлгох, малчид, иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, цаг үеийн шинжтэй бусад асуудлыг шийдвэрлэхэд зориулан 100 сая төгрөг, мөн аймгийн Нэгдсэн эмнэлэгт пургон, Их-Уул, Баянхайрхан сумын эрүүл мэндийн төвд хантер автомашин, Тосонцэнгэл сумын Цагдаагийн хэлтэст пургон машиныг тус тус олгожээ.  МУ-ын ЗГ-ын тогтоолоор Завхан аймагт нийтдээ 722.6 сая төгрөгийн үнэ бүхий тусламж үзүүлээд буй юм.  Цаашид 11 сумын 209 малчин өрх тус бүрт 245.000 төгрөгийн тусламж үзүүлэх юм байна. МУ-ын ЗГ-аас олгож байгаа тусламжийн зүйлс нэн шаардлагатай ядарсан иргэдэд очиход иргэд өөрсдөө болон холбогдох байгууллагууд хяналт тавьж ажиллах, аливаа гамшиг осол тохиолдоход дээд шатны мэргэжлийн байгууллагад шат дараатай хандах,  хүн амын эрүүл мэнд, аюулгүй байдалд онцгой анхаарах, өвөлжилтийн нөхцөл байдлын талаар мэдээллийн сантай болох, ард иргэд онцгой байдлын албаны ажлыг сайн дэмжиж хамтран ажиллах, малын өвчинтэй тэмцэхэд бүх нийтээрээ оролцох үүргийг Монгол Улсын Засгийн газрын  гишүүн, шадар сайд, Улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүх өглөө.

Б.Мягмарсүрэн

相关新闻