Э.Содномпилжээ Дэлхийн цомын АШТ-д хүч үзэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-03-02 14:51:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо пауэрлифтингийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас “Рио 2016” паралимпийн наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Содномпилжээ оролцож байна.

Тэрбээр 97 кг-д өрсөлдөх бөгөөд энэ жинд Египет, Тайланд, Энэтхэг, Япон зэрэг 12 орны 15 тамирчин хүчээ сорих юм. Зохион байгуулагч орон болох АНЭУ-ын гурван тамирчин оролцож байгаа бөгөөд тэмцээн өнөөдөр эхэлсэн. Дэлхийн цомын тэмцээн маргааш өндөрлөх юм.

"Рио 2016" паралимпийн наадамд 88 кг-д өрсөлдсөн Э.Содномпилжээ энэ удаа жин өгсөн, 97 кг-д паралимпоос хойш анхныхаа олон улсын тэмцээндээ оролцож байна. Түүний хувьд АНЭУ-ыг зорихоос өмнө улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож, түрүүлсэн.

Гавьяат тамирчин Э.Содномпилжээ өмнө нь Дэлхийн цомын тэмцээнээс хоёр мөнгөн медаль /“Дубай-2015”, “Куала Лампур-2016”/ хүртэж байсан юм. Түүний дасгалжуулагчаар ОУХМ Ш.Энхсайхан ажиллаж байна.

Д.Өлзий

相关新闻