Германд автомашинтай этгээд явган хүний зам руу дайран орсны улмаас нэг хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-02-26 18:05:32

БЕРЛИН. /Xinhua/. Өчигдөр Германы Гейдельберг хотод явган хүний зам руу автомашинтай нэгэн этгээд дайран орсны улмаас 73 настай эрэгтэй амиа алдаж, хоёр хүн гэмтэж бэртжээ.

Хутгаар зэвсэглэсэн байсан гэмт этгээдийг хэргийн газраас оргон зайлах гэж байхад нь цагдаа нар буудан шархдуулж, баривчилсан байна.

Чухам ямар шалтгааны улмаас уг халдлагыг үйлдсэн нь хараахан тодорхойгүй байна. Гэхдээ уг халдлагыг “террорист халдлага биш” гэж цагдаа нар үзэж байна.

Өнгөрсөн оны 12 дугаар сард Берлин хотын төвд  Зул сарын баярын бараа худалддаг хөл хөдөлгөөн ихтэй зах руу ачааны машинтай этгээд дайран орсон билээ. Уг халдлагын үеэр 12 хүн амь үрэгдэж, 49 орчим хүн гэмтэж бэртсэн юм.

Бямба гарагт болсон халдлагын улмаас амиа алдсан хүн нь 73 настай, Германы иргэн аж.

Харин гэмтэж бэртсэн хоёр хүний нэг нь Австрийн 32 настай иргэн бол нөгөөх нь Боснийн 29 настай иргэн гэнэ.

Г.Доржханд

相关新闻