Дундговь аймгийн иргэд төрийн дээд одон медаль зүүлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-02-26 16:36:10

Дундговь/МОНЦАМЭ/ Гал тахиа жилийн босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Дундговь аймгийн төрийн болон төрийн бус байгууллага, боловсрол, соёл, эрүүл мэнд, хөдөө аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, аймгийнхаа хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж буй иргэдийг төрийн дээд одон медалиар шагнасан. Шагналыг аймгийн удирдлагууд битүүний өдрийн морин цагт Ёслол хүндэтгэлийн өргөөнөө гардуулж өглөө.  

Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор Сайнцагаан сумын 5-р багийн өндөр настан М. Лувсанцэрэн, аймгийн ИТХ- ын төлөөлөгч Л. Өлзийбат, Луус сумын Суварга багийн малчин Д. Даржааюу, Говь- Угтаал сумын 3-р багийн малчин  Д. Өлзийбүрэн, Цагаандэлгэр сумын малчин Ц. Пүрэвбаатар, Баянжаргалан сумын 2-р багийн малчин Ж. Рэгзэн нар шагнуулсан бол Алтан гадас одонгоор МСҮТ- ийн багш Ц. Адъяадулам, Л. Баасансүрэн, Дэлгэрцогт сумын 3-р багийн өндөр настан Ж. Бахчинсүрэн, Өлзийт сумын өндөр настан Ч. Жавзмаа, аймгийн Прокурорын газрын нягтлан бодогч Ц. Цэрмаа нарын 20 иргэн, Хөдөлмөрийн хүндэт медалиар Баянжаргалан сумын “Аргатай” ХХК- ийн захирал Б. Болдбаатар, Өндөршил сумын ЭМТ- ийн эх баригч бага эмч Д. Мөнгөнтамир, Дэрэн сумын малчин Б. Отгонбаяр, Өлзийт сумын Засаг дарга И. Эрдэнэбилэг нарын 9 иргэн энгэртээ зүүлээ.

Төрийн одон медаль гардуулах үеэр аймгийн Засаг дарга хэлсэн үгэндээ, Улиран одож буй мичин жил Дундговь аймгийнхны хувьд ээл хишигээ хайрласан жил байлаа. Амжилт бүтээлээ төрдөө үнэлүүлэн 200 гаруй иргэн төрийн дээд одон, медаль энгэртээ зүүсний дотор Монгол Улсын гавъяат жүжигчид, гавъяат багш, эмч, аж үйлдвэрийн гавъяат ажилтан шинээр төрсөн төдийгүй аймаг нийтээрээ Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт  хэмээн дуудуулдаг боллоо” гээд төрдөө хөдөлмөр үйлсээ үнэлүүлсэн бүтээлч иргэдийнхээ ажил амьдралд нь сайн сайхныг ерөөв.

Т. Отгонтуяа 

相关新闻