Статистикийн хэлтэс тэргүүн байрт шалгарав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн ЗДТГ-аас 2016 онд ажил үйлсээрээ тэргүүлсэн агентлаг байгууллагыг шалгарууллаа.
Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 322 дугаар тогтоол, тус аймгийн Засаг даргын 2014 оны А/496 дугаар захирамжийн дагуу агентлаг, байгууллагын 2016 оны үйл ажиллагааг найман шалгуур үзүүлэлтээр үнэлж дүгнэхэд Статистикийн хэлтэс тэргүүн байрт шалгарсан байна.
Статистикийн хэлтсээс 12 удаа сар бүр нийгэм, эдийн засгийн танилцуулга, 48 удаа долоо хоног тутмын үнийн мэдээ, сэдэвчилсэн судалгаа болон бусад төрлийн нийт 64 удаагийн мэдээ мэдээллийг и-мэйл хаяг, веб сайт, фэйсбүүк сүлжээгээр тогтмол түгээж нийтийн хүртээл болгожээ.
Тус хэлтсийн цахим шуудангаар 2980 хэрэглэгч, албан ёсны хуудсаар 1026 байнгын хэрэглэгч, фэйсбүүкээр 2300 үндсэн хэрэглэгч, 258 дагагч хэрэглэгчдэд Статистик мэдээллийг авсан аж.
2016 онд 2015 оны Хөдөө аж ахуйн салбарын танилцуулга, судалгаа, 2015 оны Хөдөлмөр эрхлэлт, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын танилцуулга, хүн ам, өрхийн үндсэн үзүүлэлтүүд, сонирхолтой статистик, сумдын нийгэм, эдийн засгийн зэрэгцүүлэлт, аймгийн эдийн засаг, нийгмийн үндсэн үзүүлэлт 2010-2015 он, сумдаар, статистикийн өврийн дэвтэр зэрэг судалгааг боловсруулан олны хүртээл болгожээ.
Х.Эрдэнэбулган