Иргэдийн санхүүгийн боловсрол улсын эдийн засагт нөлөөлдөг гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-02-23 18:48:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхийлөгчийн Тамгын газар, ХХААХҮЯ, Монголбанк, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас өнөөдөр "Иргэдийн эдийн засаг, санхүүгийн боловсролыг дэмжих нь" сэдэвт хэлэлцүүлэг боллоо.

Олон улсын түвшинд улс орны эдийн засаг өрх гэр, тэр дундаа иргэн хүн санхүүгээ хөтлөх чадамжтай эсэхээс ихээхэн хамааралтай байдгийг тогтоожээ. Өөрөөр хэлбэл, улс орны эдийн засаг ААН-ийн санхүүгээс, аж ахуй нэгжийн санхүүгээс айл өрхийн, өрх гэрийн санхүү иргэнээс хамааралтай.

Дэлхийн банкнаас хийсэн 2012 оны судалгаагаар манай иргэдийн санхүүгийн боловсрол ямар түвшинд байгааг тогтоожээ. Ингэхэд төдийлөн өндөр боловсролтой биш гэсэн дүгнэлт гарсан аж. Тодруулбал, 10 хүний зургаа нь хадгаламжийн хүүнд инфляци хэрхэн нөлөөлдөг талаарх мэдлэггүй, мөн судалгаанд оролцогчдын 70 хувь нь санхүүгийн зах зээлийн гурван л бүтээгдэхүүнийг мэддэг, 57 хувь нь ирээдүйгээсээ илүү одоогийн санхүүгийн төлөвлөлтдөө анхаардаг болох нь харагджээ.

Тиймээс “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгиийг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр” манай улс 2015 оноос хэрэгжүүлж буй. Уг хөтөлбөрийн талаар Монголбанкны мэргэжилтэн М.Нургуль өнөөдрийн хэлэлцүүлэгт илтгэл тавьлаа. “Энэхүү хөтөлбөр нь 60 гаруй оронд хэрэгждэг. Учир нь иргэдийн эдийн засгийн мэдлэгийг дээшлүүлэх нь хамгийн гол тогтоц суурь юм. Санхүүгийн мэдлэг гэдэг нь иргэн хүн өрхийн санхүүгээ хэр зөв хөтлөхийг хэлдэг.

Иймд нэгдүгээрт ЕБС-ийн сурагчид, хоёрдугаарт оюутан залуус, гуравдугаарт насанд хүрэгчдэд болон орон нутгийн иргэдэд, дөрөвдүгээрт цахим орчинд гэсэн 4 чиглэлд анхаарч ажиллахаар болсон. Эдгээр чиглэлүүд чиглэсэн тодорхой ажлуудыг эхлүүлээд төсөвчин нэртэй апплейкшин, санхүүгийн боловсрол.мн сайтыг ашиглалтад оруулаад байна” гэв.

Түүнчлэн тэрбээр "Хүн бүр нэг л өглөө босохдоо санхүүгийн мэдлэгтэй болсон байдаггүй. Урт хугацааны явцад мэдлэг тогтдог. Тиймээс бид гарааны ажлаа эхлүүлээд байна. Улс орны эдийн засаг тогтворжиход иргэдийн оролцоо их юм" хэмээн онцолсон юм.

“Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгиийг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр” нь 2021 он хүртэл хэрэгжих аж.

Б.Туул

相关新闻