Дорноговьд томуугийн өвчлөл буурчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь /МОНЦАМЭ/. Энэ оны хоёрдугаар сарын 20-ны байдлаар Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн үзлэгийн 6,4 хувийг томуу, томуу төст өвчлөл эзэлж байгаа нь өмнөх долоо хоногоос 0,9 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 1,3 хувиар тус тус буурсан байна.
Томуу болон томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 93.3 хувийг 0-15 насныхан эзлэж байгаа бол үүнээс 76.6 хувийг 0-4 хүртэлх насны хүүхдийн өвчлөл эзэлж буй.
Өмнөх долоо хоногуудтай харьцуулахад 16-аас дээш насанд өвчлөл нэмэгдсэн ч ерөнхий дүнгээрээ Дорноговь аймагт томуугийн өвчлөл буурчээ.
Энэ оны нэгдүгээр сарын 13-ны байдлаар Дорноговь аймгийн хэмжээнд 126 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан бол одоогийн байдлаар Сайншанд, Замын-Үүдийн нэгдсэн эмнэлэгт 24 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.
Томуугийн өвчлөл буурч буй нь хүйтний эрч суларч, урин дулааны улирал ирсэн, мөн иргэд томуугийн өвчлөлөөс урьдчилан сэргийлж хүүхэд, багачууддаа анхаарал хандуулж байгаатай холбоотой аж.
Х.Эрдэнэбулган